“Миний хүссэн ганц зүйл бол хүн бүхэнд хайрлагдах”... хэмээн Ким Мо Ми бүсгүйн түүхээр эхлэх “Mask Girl” цуврал саяхан нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Өмнөд Солонгос улсын жишгээр бус Netflix-ийн албан ёсны цуврал учир шууд л нэг дор бүх анги нь цацагдаж, тэр даруйдаа интернэт орчинд шуугиан тарьж, үзэгчдийн таалалд нийцэж чадсан. Ийнхүү ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт, хүчирхийлэл зэрэг нийгмийн далд асуудлуудыг хүчтэй хөндөж өгсөн “Mask Girl” цувралын дүрүүдийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Цувралын талаар товчхон дурдвал Ким Мо Ми хэмээх бүсгүй багаасаа л бүжиглэж, дуулж бусдын анхаарлын төвд байх дуртай нэгэн. Гэхдээ өсөж том болох тусмаа Мо Ми хүмүүсийн нийгэмд тогтоосон гоо сайхны цензурт өөрийгөө нийцэж чадахааргүй, “хангалттай” хөөрхөн биш гэдгээ ойлгож эхэлнэ. Эргэн тойрных нь, тэр бүү хэл ээж нь хүртэл түүнийг царай муутай хэмээн дуудна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөртөө итгэх итгэлээ алдсан Мо Ми мөрөөдлөө орхин энгийн нэгэн оффисын ажилтан болсон байлаа. Гэвч түүний гал цог мөхсөнгүй. Ажлаа тарсныхаа дараа тэрээр өөрийгөө "Mask Girl" хэмээн нэрлэж, нүүрээ халхлан шууд дамжуулалт хийж, бүжиглэж мөнгө олдог болов. Удалгүй нэг л өдөр үүнээс болж түүний амьдрал орвонгоороо эргэнэ.
Ким Мо Мигийн дүрд нийт дөрвөн өөр хүн тоглосноороо онцлог. Түүний мэс засалд орохоос өмнөх Мо Мид залуу жүжигчин И Хан Бёл, мэс засалд орсны дараах Мо Мид дуучин, жүжигчин На На, харин ахимаг насны Мо Мид жүжигчин Гү Хун Жон нар дүр бүтээжээ. Мөн Мо Мигийн маск зүүгээд бүжиглэдэг хэсгүүдэд модель Zizian тоглосон юм.
Гол дүрийн жүжигчин И Хан Бёл 1,000 гаруй хүнээс сонгогдож, Ким Мо Мигийн дүрд тоглох эрхээ авч байжээ. Мөн Мо Ми түүний анхны бүтээсэн дүр ба залуу жүжигчин гэхэд маш сайн жүжиглэлттэй хэмээн үзэгчид ам сайтай байгаа юм. Удахгүй олон цуврал, киноноос түүнийг харах биз ээ.
“Mask Girl” цуврал нь ижил нэрт webtoon-ээс (Өмнөд Солонгосын дижитал комикс) сэдэвлэн хийгдсэн ба дүрийн сонголтууд нүдээ олж чадсан хэмээн үзэгчдээс сайшаал хүртээд байгаа юм. Тухайн дүрүүд яг л webtoon-ээсээ гараад ирсэн мэт адилхан байгаа биз?
"Glory" цувралаар үзэгчдэд танигдаж чадсан жүжигчин Юүм Хэ Ран "Mask Girl"-д Жү Он Намын ээж Ким Кён Жагийн дүрд тоглосноор "Netflix-ийн хайрт ээж" хэмээх хочийг хүртээд байгаа гэнэ. Хүүгийнхээ төлөө юуг ч хийхээс буцахгүй Ким Кён Жагийн дүрийг "Сэтгэлийг нь ойлгох хэдий ч хийж байгаа үйлдлийг нь дэмжих боломжгүй тийм дүр" хэмээн жүжигчин нь өөрөө тодорхойлсон байдаг.
Тэрээр өмнө нь "When the Camellia Blooms", "Juvenile Justice", "Prison Playbook" зэрэг олон алдартай Netflix-ийн хамтарсан бүтээлд тоглосон ба одоогоор "Uncanny Counter 2" цуврал нь ч мөн цацагдаж байгаа юм.
Мэс заслын дараах Мо Мигийн дүрийг бүтээсэн жүжигчин На На нь “Afterschool” хэмээх охидын хамтлагийн дуучин юм. Тэрээр үзэсгэлэнтэй царай, төгс бие хаагаараа маш алдартай төдийгүй “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 царай” хэмээх санал асуулгад 2014, 2015 онд удаа дараалан нэгдүгээр байранд орж байжээ. Ийнхүү тэрээр 2014 онд “Fashion King” киногоор жүжигчний гараагаа эхэлж байсан түүхтэй. Мөн Мо Митэй хамтран ажилладаг бүсгүй А Рымын дүрд EXID хамтлагийн Жун Хуа тоглосон юм.