Н.Оргил: Миний шүүлт хүмүүсийн бодолтой зөрдөг ч би үүнд санаа зовдоггүй
Учир нь би мэдрэмжиндээ итгэдэг
Монголын дараагийн топ модель реалити шоу нэвтрүүлгийн шүүгчдийг тодруулахад эрэгтэй шүүгч хэн байх вэ гэдэг их сонирхолтой асуулт байсан юм. Загварын ертөнц болоод шоу бизнест төвлөрсөн энэхүү төслийн шүүгч хийж чадах туршлагатай бүсгүйчүүд олон ч эрэгтэй шүүгч хийх туршлагатай хүн үнэхээр ховор. Тэр ховор сонголт дотор 1996 оны Гоёл наадмын "Шилдэг эрэгтэй загвар өмсөгч"-өөр тодорсон Н.Оргил урлаг болоод шоу бизнест хамгийн туршлагатай нь байлаа. Жүжигчин, продюсер Н.Оргил 2006 онд BBC телевизийн "Чингис хаан" кинонд тоглосноор карьер нь гялалзаж эхэлсэн юм. Asia's Got Talent тэмцээнд тэрээр Хөсөгтөн хамтлагийн продюсероор ажиллаж, тус хамтлагийг шилдэг хоёрт шалгарсан амжилтанд хамт хүрч, дараа нь Netflix-ийн Марко Поло төсөлд хоёр жил орчим Монгол талыг хариуцсан продюсероор ажилласан. Мөн тэрээр Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яаманд газрын даргаар ажиллаж байхдаа "Алсын удирдлага кино"-г сонгон санхүүжүүлж, Азийн наадамд явуулсан бөгөөд улмаар тус бүтээл Пусаны кино наадмаас "Азийн шилдэг кино" шагналыг хүртсэн юм. Одоо харин эдгээр амжилттай түүхүүдийн ард продюсероор ажиллаж байсан Н.Оргилын туршлага Mongolia' Next Top Model реалити шоу нэвтрүүлэгт хувь нэмрээ оруулж байна.
Таныг Mongolia's Next Top Model тэмцээний шүүгчээр ажиллах санал тавихад та анх хэрхэн хүлээж авсан бэ?
Боловсрол телевизийн хамт олонтой би өмнө нь "Яг түүн шиг" шоу болон Хүлэгү пикчерсийн шинэ кинон дээр хамтран ажиллах талаар ярилцаж, ойрхон холбоотой байсан юм. Тэгтэл дараа нь Боловсрол телевизээс "Бид олон улсын хэмжээний шинэ шоу хийх гэж байна. Та гол гурван шүүгчийн эрэгтэй шүүгчээр нь ажиллахад яг тохирох юм байна" гэсэн санал ирсэн. Энэ шоу өмнө нь дэлхийн маш олон оронд амжилттай хийгдсэн, нийгэмд зөв нөлөөлөл үзүүлж, сайн шоу гэдэг нь батлагдсан төсөл учраас би шууд нааштайгаар хүлээж авсан. Монголд загварын төрлийн, өндөр хэмжээний зохион байгуулалттай, үр өгөөж сайтай телевизийн шоу зайлшгүй хэрэгтэй. Надад урилга ирж байх үед би АНУ руу нэг сарын хугацаатай ажлаар явах шаардлагатай байсан юм. Тэгэхэд телевизийн хамт олон маань нэвтрүүлгээ сайн бэлдэж байгаад эхлүүлье гээд намайг ирэхийг хүлээсэнд нь бас их баярладаг.
Тэмцээн одоо оргил хэсэгтээ ирлээ. Таны энэ тэмцээнээс харж байгаа гол үр дүн юу вэ?
Олон сайн үр дүн гарч байгаа. Наад зах нь хүмүүс зураг авалт хэрхэн явагдаж, сайн чанартай зураг яаж бий болдог вэ гэдгийг үзэж байна. Энэ бүхний ард хүмүүсийн мэдрэмж хөглөгдөнө. Зөвхөн загварын зураг авалт гэлтгүй сайн, сайхан зүйл хийж бүтээхэд тодорхой хэмжээний мэдлэг, мэдрэмж байх хэрэгтэй. Энэ шоу тэр сайн, сайхан зүйлсийг сонирхолтой зохион байгуулалт, тэмцээнд оролцогч залуу хүмүүсийн зорилгынхоо төлөө тэмүүлж, хөдөлмөрлөж, зөв өрсөлдөж байгаагаар харуулж байна. Хүмүүс шоу бизнес гэдэг чинь ийм арга барилтай, сонирхолтой, өвөрмөц юм байна гэж харж байгаа байх. Хоёрт нэвтрүүлэг маш олон залууст их урам хайрлаж, гоо сайхны таашаал өгч байгаа. Хүмүүсийн гоо зүйн таашаал эргээд ажил үйлсэд нь сайнаар нөлөөлдөг учраас нэг талын соён гэгээрүүлэх ач холбогдолтой гэж хэлж болно.
Одоогийн байдлаар 14 зураг авалт хийгдсэн байна. Танд хамгийн таалагдсан зураг авалт аль нь вэ?
Сайн зураг олон гарсан. Миний бодлоор Хөвсгөлд авагдсан сорилын зурганд охид маш сайн байсан. Гэрэл зурагчин О.Амгалан бид хоёр охидтой энгийн харилцаа үүсгэж, бие биедээ урам өгч ажилласан. Гадаа хичнээн хүйтэн байсан ч бид хэдхэн хормын дотор маш чанартай зураг гаргасан. Мөн Сайн брэндтэй хамтарсан сүү, тарагны сурталчилгааны зураг их гоё болж, үндэсний хувцаслалт, орчин үеийн шийдэлтэй нүүр хувиргалт их сайн хосолсон.
Би "Төгс зураг гэж байдаг бол энэ байна" гэж шүүлтэн дээр хэлсэн Т.Сарангэрэлийн хилэнц хорхойтой зураг гайхалтай болсон. Хүмүүс Т.Сарангэрэлийг янз бүрээр харж байж болох юм. Гэвч Т.Сарангэрэл яг тэр зургаар хүсэл мөрөөдөл гэж юу вэ гэдгийг маш чадварлагаар харуулсан. Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүст бид зураг авалт бүрээр гоо үзэсгэлэн болоод мэргэжлийн чанар хоёрыг нэгэн зэрэг харуулж байгаа.
Та шүүлтэнд оноо өгөхдөө ямар зарчим баримталдаг вэ? Орчин үед олон нийтийн сүлжээгээр дамжуулж хүмүүс юу гэж бодож байгааг мэдэж болдог. Тэгвэл таны шүүлтэнд олон нийтийн хандлага нөлөөлдөг үү?
Шүүлтээ гаргахдаа би цэвэр өөрийнхөө мэдрэмжээр шүүдэг. Тухайн зургийг би хэрхэн хүлээн авч, яаж мэдэрч байгаагаараа дүгнэдэг юм. Тэмцээнд шилдэг зургаан охин үлдсэн байхад би, "Та хэд зургаа дах мэдрэмжиндээ итгэж зураг авахуулах хэрэгтэй" гэж хэлж байсантай адил би ч мөн өөрийн мэдрэмжинд итгэдэг. Тэр мэдрэмжийг гэнэт би өнөөдөр гаргаж ашиглаж байгаа юм биш л дээ. Өмнөх олон төслүүд дээр мэдрэмж маань "зөв" дүгнэлт хийхэд хүргэдэг нь батлагдсан. Миний сонгож, санхүүжүүлсэн кино "Азийн шилдэг кино" болж, Хөсөгтөн хамтлагийг Asia's Got Talent тэмцээнд авч явахад хоёрдугаар байранд орж байсан. Тийм болохоор би олон нийтийн санаа бодлыг шүүлтэнд нэг их тусгадаггүй. Миний шүүлт хүмүүсийн бодолтой зөрөх үе байдаг ч би санаа зовдоггүй. Яагаад гэвэл би олон нийтийг дагах биш, харин зөв тал руу нь чиглүүлж, гоо сайхны зөв мэдрэмжийг өгч явах хэрэгтэй гэж боддог.
Оролцогч охидыг хоёр хэсэгт хувааж болно. Нэг талд 1-4 жил загварын карьер хийсэн 5-6 охин, нөгөө талд огт загварын туршлагагүй 7-8 охин байна. Гэвч "Бүх оролцогч "шинэ" байсан бол сонирхолтой" гэх сэтгэгдэл олон нийтийн зүгээс багагүй гарсан. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?
Нэвтрүүлгийн продюсерын багийн шийдвэрээр охид сонгогдсоны дараа би ирж шүүлт хийж байгаа. Хэрвээ би продюсер байсан бол дан туршлагагүй охид оролцуулж, цэвэр өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн охид сонгохыг хүснэ. Дэлхийн бусад оронд зохиогддог Next Top Model нэвтрүүлэгт туршлагатай загвар өмсөгчид оролцсон тохиолдол олон бий. Харин Америкт илүү шинэ дүр төрх гаргаж ирэх гэж хичээдэг. Америк бол дэлхийн тэргүүлэгч улс учраас загварын ертөнц нь өндөр хөгжсөн, хүмүүс нь нээлттэй учраас шинэ дүр төрх гаргасан шоу хийх бүрэн боломжтой. Надад энэ шоу "Үнсгэлжингийн үлгэр" шиг юм уу, эсвэл нугасны муухай дэгдээхэй үзэсгэлэнт хун болоод дуусдаг зохиолтой байгаасай гэсэн бодол байсан ч Монголд өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг харж, бодитой хандах хэрэгтэй нь бас зөв.
Танд хэтэрхий эрт хасагдлаа даа гэж бодсон оролцогч байгаа юу?
Байгаа. Миний сая ярьсан шинэ дүр төрх гаргаж ирэх, тэднийг бид мөрөөдөлд нь хүргэх гэж ярьсан зүйлсэд Т.Сарангэрэл, Б.Бат-Оюун, М.Анхбаяр гурав яг тохирох оролцогчид. Б.Бат-Оюун, М.Анхбаяр хоёр хоёулаа бие хаа сайтай, өвөрмөц царай төрхтэй. Тэдэнд туршлага, ажиллагаа дутсан. Хэрэв хичээвэл засч, хөгжүүлж болдоггүй хүн гэж байхгүй шүү дээ. Харин тэр хүмүүст хэр их хүсэл эрмэлзэл байна вэ гэдгээс бүх зүйл шалтгаалдаг.
Ер нь шоунд оролцсон охид маш богино хугацаанд өндөр өөрчлөлт үзүүлсэн. Магадгүй зарим хүмүүс "Яагаад Б.Ану-Үжин биш, яагаад Ш.Мандхай биш" юм бэ гэж бодож байгаа байх. Би сая энэ шоунд гоо үзэмжээс гадна мэргэжлийн ажиллагаа давхар байгаа гэж хэлсэн шүү дээ. Олон улсад загвар өмсөгчдийн өндөр 175 см-аас дээш байх ёстой. Гэтэл зарим охидын өндөр нь хүрээгүй. Энэ шалгуурыг даваад цааш явах боломжтой байсан нь миний хэлсэн гурван охин байна. Үзэгчид Т.Сарангэрэл, Б.Бат-Оюун, М.Анхбаяр нарыг бага дэмжиж байгааг би анзаарсан л даа. Магадгүй тэдэнд эдгээр оролцогчид царайлаг биш, эв хавгүй, нэг л явцгүй юм шиг харагдаж, нөгөө талд байгаа туршлагатай, хөөрхөн, зурганд гоё гардаг охидыг илүү дэмжих шалтгаан болсон байх. Гэхдээ энэ гурав бол цоо шинээр гарч ирээд, дэлхийд цахиур хагалах чадалтай охид гэж би дэмжээд байсан. Даанч тэд шүүгчдийн дундаж онооогоор хасагдсан даа.
Таны энэ яриаг батлах хүн бол өнгөрсөн 2016 оны Дэлхийн миссийн тэмцээнд шилдэг 11-т үлдсэн А.Баярцэцэг гэж бодож байна. А.Баярцэцэг манайд өгсөн ярилцлагадаа таныг анх Марко Поло кинонд холбож өгсөн гэж хэлж байсан юм.
Тийм ээ, А.Баярцэцэгийг би анх олж харсан гэж хэлж болох юм. Нэг удаа Улаанбаатар хотын соёлын газраас намайг миссийн тэмцээнд шүүгчээр ажиллахыг урихад би анх А.Баярцэцэгийг өвөрмөц дүр төрхтэй, шаггүй англи хэлтэй юм байна гэдгийг нь анзаарч, жүжигчний мэргэжлээр сурч байгааг нь мэдсэн юм. Тухайн үед шүүгчдийн бүрэлдэхүүн надаас өөр үзэл бодолтой байсан учраас өөр бүсгүйг дэмжсэн. А.Баярцэцэг бол өөрөө маш их хичээл зүтгэлтэйн дээр үндэсний бүжиг, калиграф гээд өв соёлоо сайн эзэмшсэн охин байсан. Тийм ч учраас би түүнд цаашдаа киногоор явах ямар боломжууд байгааг хэлж өгч, Марко Поло киноны багт гурван сар дадлагын ажилтан хийлгэхээр авсан. Баяраа маань өөрөө сайн хичээсэн болохоор кинондоо бүр дүр бүтээж, дараа нь Дэлхийн миссийн тэмцээнд Монголоос өмнө нь гаргаж байгаагүй өндөр амжилт үзүүлсэн. Одоо Холливүүдад карьер нь үргэлжилж магадгүй байна.
Таны Netflix-ийн Монгол талын продюсероор ажиллахдаа хийж байсан гол ажлууд нь юу вэ?
Ерөөсөө Монголтой холбоотой бүх л асуудлыг хариуцаж ажилласан. Кинонд хэрэгтэй жүжигчид, орлон тоглогчид, дуучид, хөгжимчид, бүжигчдийг сонгон шалгаруулж, визийг нь авч явуулахаас эхлээд зураг авалтанд хэрэгтэй эд хогшил, бараа материал, жижиг хэрэглэлийг эндээс бэлтгэн явуулж байлаа. Монгол костюмс компанитай хамтарч жүжигчдийн хувцас бүтээх гээд олон төрлийн ажил өрнөсөн.
Марко Поло цувралын хоёрдугаар улиралд яалт ч үгүй олон монгол хүн оролцсон байсан. Үр дүнг нь базаад хэлэхэд монголчууд энэ төслөөс ямар, ямар үр өгөөж хүртсэн бол?
Энэ цувралд Монголоос 70 гаруй уран бүтээлч явж, Унгар, Герман улсад амьдардаг монголчууд бас оролцож, бүгд цалин авсан. Мөнгөн дүнгээр гэвэл нэг сая орчим долларын үр өгөөж бидэнд ирсэн. Нөгөө талаас Марко Поло кинонд Монголын эзэнт гүрэн Хубилай хааны үед ямар агуу, хүчирхэг байсан юм бэ гэдгийг дэлхий дахинд үзүүлж өгсөн шүү дээ.
Таныг анх хэзээ загвар өмсөж, топ модель болж байсныг залуучууд тэр бүр мэддэггүй байх. Энэ түүхээсээ та бидэнд хуваалцахгүй юу.
Анх би 20 настайдаа 1994 оны арванхоёрдугаар сард Гоёл наадмын тайзан дээр гарч нүүр хагараад, дараа жил нь "Оны шилдэг эрэгтэй загвар өмсөгч" болсон. Тухайн үед би Америкт очиж жүжигчний мэргэжлээр сурахыг хүсдэг байсан юм. "Чи загвар өмсөгч болооч" гэж нэг танил маань надад байн, байн хэлдэг байлаа. Тэгээд "Яагаад би загвар өмсөгч болж болохгүй гэж" бодоод шалгаруулалтанд явж очиж байсан. Одоо би загвар өмсөгчдийг өөрийгөө олох хэрэгтэй, өөртөө итгэлтэй бай гэж их амархан хэлж байгаа ч тэр үедээ надад ч гэсэн том зориг, том алхам болж байсан шүү.
Таны бодлоор эрэгтэй хүний залуу нас хэр удаан үргэлжилдэг вэ? Залуучууд гэсэн нийтлэг нэг л үг байдаг ч янз бүрийн хүмүүс энэ насанд багтдаг шүү дээ.
Би эрэгтэй хүний залуу нас үхэн үхтлээ үргэлжилдэг гэж ойлгодог. Монголчууд "Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг" гэж хэлдэг шүү дээ. Хэрэв хүн хөдөлж л байвал нас хамаарахгүй үргэлж залуу байна. Яах вэ, үс жаахан бууралтаж, арьсанд бага зэрэг үрчлээ суух нь амьдралын жам ч гэлээ идэвхтэй амьдралтай хүн үргэлж бие, сэтгэлээрээ залуу, эрч хүчтэй байна.
Та байнга жиймд дасгал хийдэг. Өөр ямар спорт сонирхож, хичээллэдэг вэ?
Төмрөө өргөчихнө, хааяа холимог тулаанаар хичээллэчихнэ, мөн хөл бөмбөг тоглодог. Жиймд бол долоо хоногт хамгийн багадаа гурван удаа, ихэнхдээ таван удаа ирж дасгал хийдэг.
Тэгвэл таны хамгийн удаан хугацаанд үнэнчээр дэмжиж байгаа тамирчин хэн бэ?
Монголынхоо тамирчныг, Ж.Нарантунгалагаа л дэмжинэ шүү дээ. Ганц бор зүрхээрээ дэлхийн аварга болсон хүн. Хамгийн сүүлд тэр оросын тамирчинд дахиад хожигдсон ч гэсэн түүнийг ерөөсөө буруутгаж болохгүй. Би түүнийг цэвэр хүсэл эрмэлзэл, биеэ засч чадсан амжилтаараа монгол эр хүний ясны тулаанч чанарыг харуулсан дайчин залуу гэж боддог. Түүнд дэмжлэг дутсан уу, дутсан. Тэгэхдээ Ж.Нарантунгалаг маань гавьяат тамирчин гэдэг цолыг жинхэнэ цус, хөлс хоёроороо авсан хүн дээ.
Ямар дэмжлэг дутсан гэж та бодож байна?
Манайхан нэгнийгээ амжилт гаргаж, ялахаар бүгд хөөрч, баярлаж найр хийдэг. Түүнээс биш илүү бодит мөнгө, санхүүгийн дэмжлэг нь чухал шүү дээ.
Та Монгол улс Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамтай байх зурвас үед газрын даргаар ажилласан. Үнэхээр төрийн оролцоотойгоор урлаг, спортыг дэмжих бололцоотой юу? Эсвэл үүнийг ойлгодог цөөхөн хүнтэйгээр явах боломжгүй байв уу?
Уран бүтээлчдийг, тамирчдыг дэмждэг байх хэрэгтэй, үүнийг дотроос нь эхлэх хэрэгтэй гэж бодоод би яаманд ажилласан боловч үнэхээр тэнд бүх зүйл "гамшиг" болсон, нам, фракцаараа талцаж ажил хийдэг юм билээ. Тийм учраас төсвийн мөнгийг ингэж зарцуулж болохгүй гэдгийг нь хэвлэлийн хурал зарлаж хэлээд, ажлаа өгсөн шүү дээ. Үнэндээ яаманд маш их мөнгө байдаг юм байна. Би хоёр кино дэмжих гэж бөөн асуудал болж санхүүжилтыг нь гаргуулсан. Тэр хоёр киноноос "Алсын удирдлага" бүтээл Пусаны кино наадмаас "Азийн шилдэг кино" шагнал авсан. Хэрэв хийе, дэмжье гэсэн хүнээ зөв сонговол ийм л амархан бүтэж болох юм байна гэж ойлгосон.
"Алсын удирдлага" киног бүтээсэн С.Бямба найруулагч шиг чадвартай уран бүтээлч манайд хэр олон байгаа гэж та боддог вэ?
Зөндөө бий. Гэвч манай үзэгчид соёлын олон талт боловсрол эзэмшихгүй, зөвхөн нэг хэлбэрийн кино шохоорхоод байхаар олон улсад үнэлэгддэг хүмүүс маань монголдоо олонд танигдаж, дэмжигдэж чадахгүй байна. Хэрвээ чи анзаарсан бол өнөөдөр телевизээр ямар ч залуучуудын төлөөлөл гарсан бай, аль ч нэвтрүүлэг бай голдуу л нэг их инээж, хөхөрсөн хүмүүстэй байдаг. Үүнийг би буруу зүйл гэж хэлж байгаа юм биш. Тэгэхдээ бид хэтэрхий их хошин, инээдтэй хийсвэр зүйл сонирхоод ул суурьтай бодох, хүнд арай нэг өөр сэтгэлийн таашаал, цэнгэл өгөх зүйлсийг орхигдуулаад байна уу даа гэж боддог юм. Хүнд утга төгөлдөр аз жаргал мэдрүүлсэн гоё кино хийж болно шүү дээ. Сүүлийн үеийн олонх кинонд мэдрэмж дутагдсан, хүчээр инээлгэж, уйлуулах гэсэн хийцтэй байдаг. Бид нийтээрээ нэг л хийрхсэн, бодит биш хийсвэр сэтгэлгээ давамгайлсан нийгэмд амьдраад байх шиг.
Монголд одоо сайн кино хийж байгаа олон хүнээс дурдаж хэлэхэд саяхан найруулагч Л.Бат-Амгалан "Гайхамшигт нислэг" богино хэмжээний киногоороо Лондонгийн кино наадамд түрүүлсэн. Тэр кинонд Америк явах мөрөөдөлдөө хөтлөгдсөн хоёр хүүгийн тухай өгүүлдэг. Мөн Пусаны кино наадамд "Шарга даага" киногоороо урилгаар оролцож байсан Л.Хоролдорж гэх мэт зөндөө сайхан залуучууд бий. Хамгийн гол нь олон улсад үнэлэгдэж чаддаг уран бүтээлчдээ бид дотроо илүү сайн мэдэж, тэднийг залуучууддаа үлгэр жишээ болгон таниулах хэрэгтэй байгаа юм.