Хайх

Таныг загварын салбарт дурлуулах Netflix-ийн “Halston” цуврал удахгүй гарна

Таныг загварын салбарт дурлуулах Netflix-ийн “Halston” цуврал удахгүй гарна

Text: Buro.Mongolia


1970, 1980-аад онд Америкийн загварын салбарыг шинэ түвшинд гаргасан загвар зохион бүтээгч Рой Халстоны талаарх цуврал Netflix платформ дээр энэ сарын 14-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Найруулагчаар “Game of Thrones” цувралаараа олонд танигдсан Даниэль Минахан, продюсэроор “The Politician”, “Hollywood”, “Ratched” цувралуудаараа алдартай Райан Мерфи нар тус тус ажиллажээ. Яагаад Халстоны талаар олон ангит цуврал хийхээр болсон шалтгааныг продюсер Райан Мерфигаас “Vogue” сэтгүүл ярилцлагынхаа үеэр асуухад “Алдарт дизайнер маань Индиана мужаас гаралтай. Би ч мөн адил. Тэндхийн хүмүүс тэгээс эхлэн амжилтын хаалгыг татаж чадсан хоёр хүний талаар их ярьдаг байсны нэг нь Рой Халстон юм. Тэр бол миний хувьд цаг ямагт үлгэр дууриалал авдаг шүтээн минь учраас түүний талаар цуврал кино хийхээр сэтгэл шулуудсан” хэмээн хариулсан байна.

Таныг загварын салбарт дурлуулах Netflix-ийн “Halston” цуврал удахгүй гарна (фото 1)
Рой Халстон, 1978
Таныг загварын салбарт дурлуулах Netflix-ийн “Halston” цуврал удахгүй гарна (фото 2)
Рой Халстон, Vogue 1972

Дэлгэцийн бүтээлийн гол дүрд жүжигчин Юэн Макгрегор тоглосноос гадна Криста Родригес (Лайза Миннелли), Ребекка Дайан (Эльза Перетти), Жан Франко Родригес (Виктор Хьюго) зэрэг жүжигчид тус тусын дүрээ бүтээжээ. “Дизайнерын дүрд хэн тоглохыг мэдсэн даруйдаа киноны хувь заяанд санаа зовж билээ. Харин одоо миний бодол өөрчлөгдсөн. Учир нь Юэн дүрээ маш үнэмшилтэй гаргасан” хэмээн Рой Халстоны шүтэн бишрэгч Том Форд хэлсэн байна. Харин Райан Мерфи түүний чадварт эргэлзээгүй юм. “Фешн болон бизнесийн буруу шийдвэрээс болж Халстонд тохиолдсон хямралын үеийг Юэн маш чадварлагаар илэрхийлсэн. Тэр дүрдээ бүрэн орсон” хэмээн онцолжээ.

Таныг загварын салбарт дурлуулах Netflix-ийн “Halston” цуврал удахгүй гарна (фото 3)
Юэн Макгрегор
Таныг загварын салбарт дурлуулах Netflix-ийн “Halston” цуврал удахгүй гарна (фото 4)

Рой Халстон бол алдартнуудын гоёлыг урлаж, загварын чиг хандлагыг тогтоож, фешн салбарт тэргүүлэгч Франц улсад нэрээ цуурайтуулсан анхны Америк хүн юм. Тэрээр одоогийн загварын салбарт мөрдөгддөг олон зүйлийн үндсийг тавьсан гэдгээрээ алдартай. Тухайлбал, Халстон шоуныхаа хамгийн эхний эгнээнд олны танил хүмүүсийг суулгадаг байсан нь “Front Row” гэх ойлголт гарах үндэс болжээ. “Хамгийн анх загварын шоундаа моделиудаас гадна өөр салбарын алдартнуудыг алхуулсан хүн бол Халстон. Рой кастингаа биеийн жин, арьсны өнгө харгалзахгүй явуулж, цуглуулгын танилцуулгадаа Африк-Америк гаралтай эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулдаг байсан. Энэ нь түүнийг салбарынхнаасаа хэдэн алхмаар түрүүлж байсныг батална” гэж Райан Мерфи онцолсон юм. Энэ жилийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Рой 89 насыг зооглох байсан ч ДОХ өвчний улмаас 1990 онд нас барсан билээ. “Халстон үхэх хүртлээ ганцаардал дунд амьдарч байсан нь үнэхээр гунигтай. Гэр бүлтэй байсан ч тэр өөрийгөө хорвоо ертөнцөд хаягдсан мэтээр мэдэрдэг байсан. Рой жолоочийн хамт Номхон далайн эрэг дагуу задгай дээвэртэй Rolls Roys машинаа унаж явахдаа амьдралдаа анх удаа ямар нэг цуглуулгын санаа олох гэж биш зүгээр л урам зоригоор цэнэглэгдэж байсан нь киноны сэтгэл хөдөлгөм хэсгүүдийн нэг” хэмээн Райан хэлсэн нь цувралыг үзэх хүслийг улам нэмэгдүүлэх биз ээ. Ингээд бидэнд 14-ны өдрийг тэсэн ядан хүлээх л үлдэж байна.

цааш үзэх