“Twilight” киноны одоос Каннын кино наадам хүртэл: Роберт Паттинсон хэрхэн амжилтанд хүрсэн бэ?
Өсвөр насныхны шүтээнээс чадварлаг жүжигчин болсон түүх
Роберт Паттинсоны хамгийн сүүлд тоглосон "Good Time" кино нь 70 дах удаагийн Каннын кино наадамд танилцуулагдсан байгаа. Мэргэжилтнүүд түүний жүжиглэлтийг карьерынх түүхэнд тохиосон хамгийн шилдэг дүр хэмээн үнэлсэн юм. Кино шүүмжлэгчид Каннын кино наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг Роберт Паттинсон хүртэнэ гэдэгт маш их итгэлтэй байсан ч эцэст нь энэхүү шагнал Хоакин Феникст очсон юм. Гэсэн ч одоо түүнийг "Twilight" ба "Харри Поттер" киноны од гэж хэн ч нэрлэхээ больжээ. Ингээд ч зогсохгүй тэр загварын сэтгүүлүүдийн түүнд өгсөн "Ирээдүйн Жуд Лоу" гэдэг шошгоноос ч салж чадсан юм. Тэгэхээр Роберт Паттинсон хэрхэн амжилтанд хүрч чадсан тухай хамтдаа судалцгаая.
Хэрхэн хэвшмэл дүрээсээ салах вэ? Томоохон хэмжээний кинонд дүр бүтээснээр нэр алдарт хүрч, зургаан тэгтэй цалин аваад зогсохгүй, нэг дүрдээ олон жилийн турш гацах эрсдэлтэй байдаг. Хэрэв аз таарвал кино компаниуд тухайн жүжигчинд өөр дүр санал болгох магадлалтай ч эс бөгөөс үзэгчдийн нүдэнд үүрд ахмад Жек Спарроу эсвэл Тони Старкийн дүрээрээ үлдэх болно.
Гэхдээ л чи Леонардо ДиКаприо ("Титаник"-ийн од) эсвэл Дэниел Рэдклифф ("Харри Поттер"-ын од) байсан ч хамаагүй эрс тэс дүр бүтээж байж л хэвшмэл дүр төрхөөсөө салж чадна. Жишээ нь Дэниел Рэдклифф "Equus" жүжиг болон "Swiss Army Man" (цогцсын дүрийг бүтээсэн) гэсэн хоёр кинонд тоглож байж Харри Поттерын дүрээсээ салж чадсан юм. Харин ДиКаприо "Титаник" киноны дараа "The Beach" болон Мартин Скорсезегийн олон тооны бүтээлүүдэд дүр бүтээж байсан түүхтэй.
Робертын арга барил. Үнэн хэрэгтээ Роберт Паттинсон карьерынхаа эхэнд төдийлөн азтай байгаагүй билээ. "Харри Поттер" франчайзын дөрөвдүгээр анги хүртэл түүнд онц, сонирхолтой кинонд тоглох боломж олдоогүй юм. Түүний хамгийн анхны кино нь "Vanity Fair" байсан боловч сүүлийн эвлүүлэг дээр Роберт Паттинсоны хэсгийг хассан байдаг. Үүний дараа тэрээр "Ring of the Nibelungs" гэх хүмүүсийн тэр бүр мэддэггүй кинонд дүр бүтээсэн юм. Харин энэ киноны дараа л тэр Седрик Диггоригийн дүрд тоглож анхны шүтэн бишрэгчдээ олж авсан билээ. Азаар Седрик Диггоригийн дүрийг төд удалгүй киноноос хассанаар Роберт Паттинсон "Харри Поттер" франчайзад удаагүй юм.
"Харри Поттер" ба "Twilight" киноны хооронд Паттинсоны карьер яг л ДиКаприотой ижил нөхцөл байдалд орсон байлаа. Тухайлбал тэрээр "Little Ashes" кинонд суут ухаант ижил хүйстнүүдийн харилцааг харуулж, мөн "How to Be" нэртэй өсвөр насныхны тухай өгүүлэх утга уянгын кинонд тоглоод амжжээ. Гэхдээ эдгээр бүтээлүүд нь олон нийтэд төдийлөн танигдаж чадаагүй юм. Гэсэн хэдий ч Роберт Паттинсон дүрдээ бүрэн орж, жүжиглэх чадвараа харуулж чадсан байдаг. Сальвадор Далигийн дүрд тоглосны дараа (Little Ashes) тэр дахин "Twilight"-д тоглох шаардлага гарсан нь түүний хувьд жинхэнэ "хараал" болсон юм. Гэхдээ түүнд өөр сонголт байгаагүй гэж хэлж болно. Тухайн үед түүнд өөр киноны санал ирээгүй бөгөөд Роберт жүжигчний карьераа өндөрлөх талаар ч бодож байсан гэдэг.
Роберт Паттинсон "Twilight" франчайзыг дуусаагүй байх цагаас л Эдвард Каллен гэх цус сорогчийн дүрээсээ салахыг оролдож байсан юм. Тухайлбал тэр "Twilight"-ын хоёр ба гуравдугаар ангийн хооронд "Remember Me" гэх кинонд тоглож байжээ. Хэдийгээр түүний шинэ дүр гялалзсан арьстай цус сорогчийн дүрээс нь салгаж чадаагүй ч тэр "Water for Elephants" кинонд тоглож, энэхүү оролдлогоо үргэлжлүүлсээр байсан юм.
"Twilight" кино бүр мөсөн дууссаны дараа Роберт Паттинсон бие даасан киноны төрөл рүү орсон байдаг. Түүний тоглосон "Cosmopolis", "Life", "The Lost City of Z" зэрэг бүтээлүүд нь бүгд Европын гол кино наадмуудад танилцуулагдсан. Тэрээр масс үзэгчдэд зориулсан кинонд тоглохоос аль болох татгалздаг. Роберт энэ жил Каннын кино наадмаас анхны чухал шагналаа хүртэх бүрэн боломжтой байсан. Одоогоор түүнд "Шилдэг үнсэлт", "Шилдэг тулаан" зэрэг MTV-гийн найман шагнал бий. Мөн "Twilight" киноны сүүлийн ангиараа тэр Алтан Бөөрөлзгөнө наадмаас "Хамгийн муу жүжигчдийн баг" өргөмжлөлийг хүртсэн юм.
Өөрийгөө хэт нухацтай хүлээж авах хэрэггүй. Хэдийгээр Паттинсон буурь суурьтай жүжигчин болохыг хүсдэг боловч хошин зан чанараа гээгээгүй юм. Хэрэв чи 20 гаран настай, мөн чиний намтар номын дэлгүүрүүдээр худалдаалж байхад хошин зан чанараа алдахгүй байх нь мэдээж хэцүү. Гэхдээ л тэр Нью-Йорк хотод хэрхэн хот дог худалдан авах тухай богино хэмжээний киноны зохиол бичин, дүрсгүйтэж чаддаг билээ. Эцэст нь хэлэхэд түүний тоглосон кинонууд олон улсын кино наадмуудад танилцуулагдах тусам л Роберт Паттинсон масс үзэгчдэд улам бүр танил биш болж байгаа нь гайхалтай.