Хайх

Жонни Депп: \"Үнэнийг хэлэхэд би муу нойртой. Ер нь бол нойргүйдлийн хаан гэж би юм!\"

Жонни Депп: "Үнэнийг хэлэхэд би муу нойртой. Ер нь бол нойргүйдлийн хаан гэж би юм!"

Жүжигчин энгийн зүйлд дуртайгаа ярьж байна

Text: Buro.Mongolia


Жонни Деппийг танилцуулах шаардлагагүй. Тиймээс шууд л яриандаа орон, жүжигчин өөрийн бүтээсэн дүрд хэрхэн ханддаг, Бостоны гангстер Жимми Балжерын талаар юу боддог, Холливудын тухай, хүүхдүүдийнхээ талаар юу ярьсныг уншигч танд хүргье

Диорын мини кинонд Жонни Депп өөрийн алдар нэрээс зугатан, цөлд очиход бэлэн байгаа бол гэмт хэргийн «Хар дом» кинондоо цусанд дуртай гангстер Жимми Уайти Балжерын дүрийг бүтээн аймшгийг төрүүлэв. Хориод хоногийн өмнөхөн киног Венецийн наадмаар үзүүлж байсан бол одоо тэр нь Москвад Amfest гэх Америк киноны наадмаар дэлгэцнээ гарч байна. Харин сурвалжлагч түүнийг Москвад ирээгүй, Торонтод байхад нь энэ ярилцлагыг aвчээ.

Мистер Депп...
Та намайг мистер Депп гэв үү? Миний эцгийг мистер Депп гэж нэрлэдэг. Харин би энгийнээр Жонни гэж дуудуулах дуртай.

«Хар дом» гэсэн өөрийн шинэ кинондоо та өрөвч сэтгэлгүй гангстер Жимми Уайт Балжерын дүрийг бүтээжээ. Энэ дүрийн дараа нойр ямар байв?

Үнэнийг хэлэхэд би муу нойртой. Ер нь нойргүйдлын хаан бол би юм. Миний энэ онцлог юунд байдгийг мэдэхгүй. Үнэндээ маш муу нойртой. Балжерын дүр миний нойргүйдэлд нөлөөлөөгүй. Харин Жимми өөрөө шоронд бүх насаараа хоригдох, давхар хоёр ял эдлэн, тайван унтаж, буйдан сандалд өөрийн муурнуудын хамт тухлан сууж байгаа нь гэрэл зурагт буусан байна билээ.


«Та намайг мистер Депп гэв үү? Би энгийнээр Жонни гэж дуудуулах дуртай»


Кинонд Балжер эх хоёрынх нь харилцааны тухай их анхаарчээ. Харин та өөрийнхөө эхийн тухай, тэр таны хувь хүн болоход хэрхэн нөлөөлсөн талаар ярихгүй юу?

Миний ээж маш сонирхолтой хүн. Кентакки мужийн зүүн хэсэгт модон урцанд төрсөн байдаг. Тийм овоохойнууд Марк Твений зохиолд байдаг шүү дээ. Аймшгийн ядуу амьдралд өссөн хүн. Нэлээд чанга хүн дээ. Намайг сургуульд орсон эхний өдөр "Хэрэв хэн нэгэн чамайг хуруугаараа хөндвөл тоосго аваад түүнийг далаар нь хэвтүүлээд өг" гэж сургаж билээ. Нэг удаа би түүнийг хэрэглээд үйлчилж байгааг нь мэдсэн юм. Тэр цагаас хойш л хүнд үедээ гартаа тоосго барих гээд байдаг юм даа (мэдээж, тоглон хэлэв). Мөн ээж маань хүний юманд хэзээ ч хүрч болохгүй, шударга байх хэрэгтэй гэж сургасан хүн. Ээж намайг амьдралд сайн бэлтгэжээ гэж бодож байгаа.

Кинондоо эргэн орьё. Сайн муу залуусын тухай сонгомол гангстерийн кино гэж эхлээд санагдсан. Бодоод үзтэл кино илүү нарийн юм. Түүнд нөхөрлөл, үнэнч байх сэдэв хөндөгдөж байна. Алхаж болохгүй зааг нь хаана байна вэ? Та өөрөө сайн, муугийн заагийг асуух үүднээс Уайтли Балжертай уулзаж чадсан уу?

Балжерын өмгөөлөгчөөр дамжуулан би уулзах хүсэлтээ түүнд тавьсан. Ер нь бол түүний үзэл бодол ямар байх нь надад сонирхолтой биш харин байгаа байдал нь сонин байв. Түүний хоолойны өнгө, хөдөлгөөн, дохио зангаа, нүүрний хөдөлгөөн гэх мэтийн хөрөг нь хэрэгтэй байлаа. Гэтэл өмгөөлөгч нь эелдэгээр татгалзсан хариутай ирэв. Тэр тайлбарлахдаа, Балжерт бидний кино болгож байгаа ном, номын зохиолчид нь огт таалагдаагүй гэв. "Идэвхитэй үед" нь бараг хориод жил уур уцаарыг нь хүргэж ирсэн сурвалжлагч нар болохоор л тэгсэн байх. Нэг сонирхолтой зүйл дуулгахад түүний хийсэн хэргийн олонх нь түүнд огт хамаагүй гэж би хувьдаа бодож байна. Барьж чадахгүй болохоороо засгийн газар түүнийг мэдээлэгч гэж зарласан юм. Гэхдээ би түүнийг зөвтгөөгүй. Олон хүний бодож байгаагаас бага зүйлийг тэр хийсэн гэж л би ярьж байна.

Жимми Балжерийн дүр юугаар таныг татав?

Хувь хүний олон тал нь, түүний ертөнцийн ээдрээ нь намайг татлаа. Тийм баатрыг бүтээн тоглох цорын ганц арга бол, түүнийг сэтгэлийн хямрал, хөөрөлтэй хамгийн ердийн хүнээр төсөөлөх оролдлого байх болов уу. Тийм учраас би түүнээс маш мэдрэмжтэй, уяхан бас халамжтай байж болохыг олсон юм. Хэдийгээр хоёр талд байсан ч ахдаа хайртай байсан шүү. Хүчирхийлэл түүний бизнес байсан юм л даа. Аймшигтай байж болно. Гэрийнхэндээ тэр ямагт найдаж болох хүн гэж харагдаж иржээ.

«Хар дом» нь таны анхны гэмт хэргийн драм биш. «Донни Браско» гэдэг сонирхолтой кино 1997 онд гарч байлаа. Энэ төрөлд таны хандах хандлагад өнгөрсөн хорин жил орчмын дотор өөрчлөлт гарсан уу гэдэг надад сонирхолтой санагдлаа. Таны тоглосон энэ хоёр гангстерын тухай киноны хооронд та жүжигчнийхээ хувьд аль зэрэг өөрчлөгдсөн бэ?

Та ингээд далд утгаар, намайг хөгшин гэлээ (инээв). Айхаар зүйл алга, би өөртөө бас тэгж хэлээд байгаа юм. Донни Браско кинонд миний тоглосон Жо Пистон бол тэр үеийн амьдралд минь сайхан таарсан дүр байлаа. Ер нь бол дүр цаг хугацаа орчинд таарч байх нь надад чухал. Жо Пистон буюу Донни Браско надад эхнээсээ таалагдаагүй. Зохиол болсон номыг нь уншаад түүнийг би удтал зөвтгөж чадаагүй юм даг. Эдгээр гангстеруудын сэтгэлд хүн тэгж гүнзгий суугаад, эцэст нь тэднээс сүүлчийн харх шиг урвасныг сайн ойлгохгүй л байлаа. Дараа нь би нууцаар ажилладаг холбооны мөрдөх товчооны туршуулуудын амьдралыг анхааралтай судласан юм. Тэгээд л би тэр гэмт хэрэгтнүүд, хуулийнхан хоёрын амьдралын ялгааг тийм хол зөрөөгүй гэдгийг ойлгож эхлэсэн. Зорилго нь өөр ч нэгэн аргаар л ажилладаг. Ингээд л гүйцээ. Янз бүрийн хугацаанд янз бүрийн дүр бүтээдэг талаар гэвэл бараг 20 жилийн өмнөх шигээ би Жимми Балжерын дүрд тоглоход бэлэн биш байлаа. Харин өнөөдөр тэр цагийн тэр баатрыг би бүтээж чадсан гэж найдаж сууна.

«Тийм баатрыг бүтээн тоглох цорын ганц арга бол, түүнийг сэтгэлийн хямрал хөөрөлтэй, хамгийн ердийн хүнээр төсөөлөх оролдлого байх болов уу»

Зураг авалт хир удаан үргэлжлэв?
Таван сар орчим.

Бүтээсэн дүрүүдийн нөлөө танд байдаг уу? Жишээлбэл, та өнөөдөр ч гэсэн ямар нэгэн хэмжээгээр Жимми Балжер гэж мэдэрч байна уу?

Дуртай дүрүүдийг бүтээх ажилд дүрээсээ гарах гэдэг маш чухал агшин байдаг юм. Бор шувуухай Жек, Хайчин гарт Эдвард, гүн Рочестер эсвэл Жимми Балжер гээд аль нь ч бай би тэдгээр дүрдээ дуртай ч гэсэн зураг авалт төгссөний дараа дүрээс гарах нь заавал ч үгүй хэрэгтэй. VIII Генрих хааны дүрийг бүтээгээд дэлгүүрээс чипс авахдаа хүртэл хаан зан гаргадаг жүжигчдийг хүртэл би мэднэ. Тэр нь миний тухай биш юм. Зураг авалт явагдаж байхад би өдрийн ихэнх цагт Жонни биш нөгөө л тэр баатар байдаг нь үнэн. Тэгээд л зураг авалт дууссаны дараа чи өөрөө мэдэлгүй тэр баатраа гэртээ татаад авчирчих аюул бий. Хэзээ нэгэн цагт түүнээс үүрд салах агшин ирнэ. Ердийнхөөр би энэ талаараа нэг л гуниглаад өнгөрдөг. Дараагийн дүрээ бүтээхийн тулд түүнээс хагацах хэрэгтэй юм.

Жонни Депп: "Үнэнийг хэлэхэд би муу нойртой. Ер нь бол нойргүйдлийн хаан гэж би юм!" (фото 1)

Уайти Балжерын сонирхолтой онцлогийг бид хөндлөө. Тэрээр нинжин сэтгэл гаргаж чаддаг, ээж, ах, хүүдээ халамжтай хүн аж. Эцгийн дүрд тоглож байхдаа та өөрийн туршлагаас ямар нэгэн зүйлийг оруулдаг уу? Эсвэл танд төдийлөн таарахгүй, харин баатарт нь таарах альтернатив харилцааны чигийг барьдаг уу гэдгээ хэлээд өгөхгүй юу, Жонни?

Дуртай баатруудаа бүтээхдээ дүрийг нь үнэн болгох тийм цэгийг олох хэрэгтэй юм. Хэрэв дүрд хэрэгтэй амьдралын туршлага байгаа бол мэдээж түүнийг би ашиглана. Уайти Балжер шиг амьдрал надад хэзээ ч байгаагүй нь үнэн. Түүний хийж байсан тэр аймшгийн зүйлийг би хийж явсангүй. Энэ талдаа бол би тодорхой нөхцөлд тэр хэрхэн сэтгэж, хөдлөх байсан бол гэдгийг төсөөлөхөөр оролдож байлаа. Гэхдээ харин эцгийн хувьд нь би түүнийг сайн ойлгож байна. Лили-Роуз долоон настайдаа хэвтсэн эмнэлэгт би нэгэн удаа гурван долоо хоногийг өнгөрөөсөн юм. Эмч нар хэрэг явдал юунд байгааг хэлж чаддаггүй, бидэнд маш хүнд байлаа. Миний хүүхэд өвдөөд би юугаар ч туслаж чадахгүйдээ маш их шаналж байв. Кинон дээр ажиллаж байхдаа би тэр үеийг сайн санаж байлаа. Хувийн туршлагаа заавал ашиглах хэрэгтэй. Зөвхөн тэгж байж л дэлгэцнээ үнэн дүрийг бүтээнэ.


« VIII Генрих хааны дүрийг бүтээгээд дэлгүүрээс чипс хүртэл авахдаа хаан зан гаргадаг жүжигчдийг би мэднэ»


Алив, Лили-Роузийн тухай ярья. Тэр хөөрхөн охин төдийгүй, хичнээн авъяастай гэдгээ байнга үзүүлж байгаа. Одоо тэрээр өөрөөс чинь бараг дутахааргүй алдартай болжээ.

Үүнээс чинь би үхтлээ айгаад байгаа юм. Түүнийг сэтгүүлийн хуудаснаа харах бүрдээ л галзуурах шахна. Тэр чинь миний нялх охин. Гэтэл гэнэтхэн будаг шунхтай тийм том хүн байдаг. Би охиноо наад зах нь ийм эрт жүжигчин болоосой гэж хүсдэггүй. Болж байгаа юмыг яах ч аргагүй. Өөрт нь таалагдаж, өөрөө таашаал авч байгаа юм чинь яах билээ. Түүний зургийн эхнийхийг нь Карл Лагерьфелд авч байгаа.

Ер нь чиний хүүхэд хэрхэн өсч өндийж байгааг харах маш сонирхолтой. Тэрээр насанд хүрсэн амьдрал руугаа явж байна. Түүнийг би хүүхэд ахуй цагт нь барих гэж хичнээн оролдоод нэмэргүй юм даа. Би амжилтаар нь бахархаж явна. Бидний харилцаа ямар байгаад би илүү их бахархаж яваа. Охин минь над дээр ирээд, өөрийн түүхээ нэгд нэггүй ярьж чадна гэдгийг нь би мэднэ. Бид бие биедээ итгэдэг. Тэр нь том зүйл мөн шүү. Жектэй ч би бас тэгж харьцдаг. Намайг үргэлж дэргэдээ, ямагт дэмжинэ гэдгийг тэр мэднэ. Эцэг, эхийн хайр халамж гэдэг нь байнга загнаж, сургаал уншихыг хэлэхгүй. Хүүхдэд өөрийгөө боловсруулан бий болгох эрх чөлөөг нь өгөөд, харин түүнд туслахад үргэлж бэлэн байхыг л хэлэх болов уу.

Жонни Депп: "Үнэнийг хэлэхэд би муу нойртой. Ер нь бол нойргүйдлийн хаан гэж би юм!" (фото 2)

«Хувийн туршлагаа заавал ашиглах хэрэгтэй. Зөвхөн тэгж байж л дэлгэцнээ үнэн дүрийг бүтээнэ»

Dior загварын ордонтой та хамтран ажилласнаа ярихгүй юу? Та саяхан нэг үнэртнийх нь нүүр царай болсон. Бас мини-кинонд нь тоглосон. Моделийн дүрд байх танд ямар санагдав?

Өмнө нь би тийм зүйлээр оролдох байтугай сонирхож явсангүй. Гэхдээ яагаад зөвшөөрснөө хэлье. Диорт ажилладаг миний эртний танил эмэгтэй намайг зураг авалтад оролцохыг ятгасан юм. Би тэр үед нь парфюм нь Sauvage нэртэйг ч мэдээгүй, надад тэр үнэртний нүүр царай бол гэсэн таамаг бүхий санал тавиад байдаг. Ингээд тэр танил маань "-Чи өөрөө зураг авалтын бүрэн хяналтыг хийнэ. Таалагдахгүй бол үйл ажиллагааг нь зогсоож болно" гэсэн юм. Дараа нь зураг авалтыг Жан-Батист Мондино хийнэ гэлээ. Би чинь тэр хүнийг мэхийн хүндэтгэдэг. Бас хажууд минь домогт гитарчин Рай Кудер байна гэж дуулгалаа. Ингээд л би слайд гитар дээр түүний хамт тоглоно гэдгээс татгалзаж чадсангүй.

Хамгийн сонирхолтой нь, Dior-ын мини кинонд зургаа авахуулах нь надад таалагдсан. Тэр чинь бүрэн хэмжээний киноны зураг авалтаас маш их ялгаатай. Яагаад тийм гэдгийг би ойлгох шиг болсон. Том кинонуудад бүх хэсгүүд нь хоорондоо холбоотой, ерөнхий санаандаа тулгуурлагдсан байгаа. Тэнд бүгд Чеховынхаар явна. Хэрэв нэгдүгээр үзэгдэлд нь буу байсан бол тэр нь гуравдугаар үзэгдэлд нь буудах ёстой. Харин жижиг рекламын кинонуудад тийм утга санаа байхгүй. Зөвхөн сэтгэл, стиль, сэтгэгдлийн цуглуулгатай, математик шиг нарийн тооцооны драмын зураг байхгүй. Сэдвийн хүрээний тэр эрх чөлөө нь надад таалагдсан.

Жонни Депп: "Үнэнийг хэлэхэд би муу нойртой. Ер нь бол нойргүйдлийн хаан гэж би юм!" (фото 3)


Өдөр тутмын амьдралд чинь таныг аз жаргалтай болгодог ямар нэгэн онцгой зүйлс байна уу?

Бүх зүйл энгийн байхад би маш дуртай. Өнөөдөр энгийн байна гэдэг нь олоход хүнд зүйл гэж санагдаж болох юм. Бүгд л тод томруун, бусдаас сонирхолтой байхыг хүсч, өөрсдийгөө ухаанд багтамгүй ямар нэгэн хичээл, санаа бодлоор дүүргэж байх юм. Харин би энгийн зүйлд дуртай. Жишээлбэл, өөрийн бүсгүйтэй хаа нэгэн газраар орох эсвэл тайван сууж сонин гарчиглах буюу Лоуренс Крауссын ч юм уу Кристофер Хитченсийн номыг бариад буйдан сандалд тухлахыг илүүд үзнэ. Холливудын тэр хуйвалдаан, тоглоомтой нь намайг киноны хүн гээд л хамсруулаад байх шиг байгаа юм. Тэр нь надад огт падгүй. Холливудад хамаагүйгээр өөрийгөө мэдэрч, өөрийн энгийн амьдралаа таашааж суух нь миний хамгийн сайхан байдал юм даа.


«Dior-ын мини кинонд зургаа авахуулах нь надад таалагдсан. Тэр чинь бүрэн хэмжээний киноны зураг авалтаас маш их ялгаатай»

Гэрлэлт таныг ямар нэгэн хэмжээнд өөрчилж чадав уу?

Өдөр бүр бидний нас нэмэгдэж, ухаан сууж байдаг учиртай. Өчигдөр төсөөлөөгүй байснаа өнөөдөр би хийж чадна. Эмбер бурхан биш шиг би бол тийм жишиг болох эрэгтэйгээс хол. Бид арван жилийн өмнө тааралдсан бол сэтгэл зүйгээрээ бие биенээ эвдэх байсан болов уу. Хоёр жүжигчний холбоо гэдэг чинь их ээдрээтэй. Харин одоо би юуг ч үзүүлж, тайлбарлахгүйгээр өөрийгөө ямар нэгэн юманд зориулж болох шатандаа байгаа юм. Эмберт мэргэжлийн, маш сайхан ирээдүй бий. Би түүнд нь их баяртай байдаг. Тэрээр гайхамшигтай залуу эмэгтэй, маш гүнзгий бөгөөд сонирхолтой хүн. Анхны уулзалтынхаа дараа бид хууч хөөрөхөөр сууж байснаа санаж байна. Ямар их ухаантай юм бэ гээд би бишэрч байлаа. Олон асуудлаар өөрийн гэсэн үзэлтэй, түүнийгээ маш цэгцтэйгээр илэрхийлж чаддаг. Түүнээс гадна мэдлэг сайтай, нэн ялангуяа хөгжмийн талдаа. Слим Харпо эсвэл Тампа Ред зэргийн хуучин блюзменүүдийн нэрийг мэднэ. Бас кантрийг мэддэг зэрэг нь намайг татсан даа. Эмберт хандах сэтгэл минь хайр ба эцгийн халамжийн хачин нийлбэр гэж болох юм. Түүнийг өөрийн хүүхдүүдээс арай өөрөөр хайрлаад байгаа юм. Эмбер сайхан бүсгүй, би өөрийгөө аз жаргалтай хүн гэж үзэх болсон.

Өдрийн ямар цагт та онцгой дуртай вэ?

Би өглөөд дуртай. Нар цонхоор, хөшигний завсраар дөнгөж нэвтэрч эхлэх үеэр сэрэх дуртай. "The New York Times" сонины мэдээг харан өөрийн санаа бодлоос ямар нэгэн зүйлийг тэмдэглэх, эсвэл ном унших дуртай. Өглөө бол миний цаг юм. Би түүний ганцхан тохиолдох, ганцаараа байж болох агшин бүрийг нь маш их цэгнэн хайрладаг. Тэр нь надад өөрийнхөөрөө байж, эрүүл санаа бодлоо хадгалахад тусладаг юм.

цааш үзэх