Израил-Хамасын дайны улмаас MTV EMA шагнал гардуулах ёслол цуцлагдлаа
MTV хөгжмийн сувгаас жил бүр зохион байгуулдаг Europe Music Awards 2023 шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Парисын Норд Вильпинте үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан билээ. Ёслолд BTS хамтлагийн Жон Гүг, дуучин Лей-Эн нар үзүүлбэрээ үзүүлэх нь батлагдаж, "Оны шилдэг уран бүтээлч" төрөлд Doja Cat, Тейлор Свифт, Ники Минаж, Майли Сайрус, Оливия Родриго болон SZA нар нэр дэвшээд байсан юм.
Гэвч наадмыг зохион байгуулагч “Paramount” продакшн Израил-Хамасын дайны улмаас үйл ажиллагааг 2024 он хүртэл хойшлуулсан гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Тэд мэдэгдэлдээ “Израил болон Ойрх Дорнодын бусад улсуудад тохиолдож буй харамсалтай үйл явдлаас болоод мянга мянган хүний амь үрэгдэж, гашуудлын гунигт үе бидэнд тохиож байна. Энэхүү тогтворгүй үйл явдлыг харгалзан үзэж дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа алдартнууд, зочид, олон мянган арын ажилчид, үзэгчид, түншүүдийнхээ аюулгүй байдлыг бодолцож наадмыг ирэх жил хүртэл хойшлуулахаар шийдсэн” хэмээв.
Өнгөрөгч аравдугаар сарын 7-нд “Хамас” бүлэглэл Израил руу маш хүчтэй халдлага үйлдэж үүний улмаас 200 гаруй хүн барьцаалагдаж, 1,400 хүн нас барсан эмгэнэлт үйл явдал тохиолдсон юм. Тэгвэл Израил тэдэнд хариу цохилт өгсний дараа Газын зурваст дор хаяж 3,700 хүн амь үрэгдсэн талаар Палестины эрүүл мэндийн албанаас мэдээлжээ.