Хайх

Репэр N.M.N: Би кино найруулахын тулд дуулж байж магадгүй

Хамтрагч чухал

Text: Ж.Чинбат


Репэр М.Номин буюу товчоор N.M.N удахгүй Г.Энэрэлтэй хамтран бүтээсэн арван дуутай шинэ цомог гаргах гэж байна

Hybrid terrorist гэх үгийг товчлон Hyrorist гэж нэрлэсэн N.M.N-гийн бүтээл түүнд сайшаал, хардлага хоёрыг түүнд зэрэг авчирсан юм. Нэг талд чадварлаг сүүл холболт, өвөрмөц хэллэг нь түүнийг шинэ авьяаслаг репэр болон гарч байгаа гэдгийг илтгэнэ. Дэнсний нөгөө талд нь тус дууны аяыг "хуулбарласан" гэсэн сөрөг ойлголт байлаа. Тиймээс N.M.N тэрхүү дууг хэрхэн бүтээсэн болон ер нь уран бүтээлээрээ дамжуулж юу илэрхийлэхийг хүсдэгийг нь сонирхоцгооё. 

Эхлээд Hyrorist дууны шүлэг, сүүл холболт нь маш гоё, төсөөллийн зүйлээ тод илэрхийлсэн байсныг нь хэлье. Харин youtube дэх дууны сэтгэгдлүүд дотор хэдэн сонирхолтой зүйлс харагдсан. 

Аяны хулгай юу?

Үүн дээр чи ямар тайлбар өгөх вэ?

Аяыг sample буюу жишээ болгон ашиглаж болох лицензтэй худалдан авч болдог. Хүмүүс youtube-с сонссон дуу тэр мөн гэлээ ч Hyrorist-ын ая нь ашиглах эрхтэй, зарж байгаа дуу байсан. Ийм аянууд дуу бичлэгэнд зориулагдсан, зам замаар нь хөгжмөө өөрчилж болдог задгай файл ирдэг. Би тэр аяны бөмбөрийн цохилтыг нь өөрчлөөд, хип хоп бийт хийж, 99 доллараар худалдаж авсан. Ийм лицентэй аянуудыг CD-ндээ оруулж арван мянган хувь борлуулах эрхтэй байдаг. 

Чамд таалагдсан болоод худалдаж авсан байх нь ээ? 

Тийм. Яг л дэлгүүрт нэг гоё зүйл харчихаад заавал худалдаж авмаар сэтгэгдэл төрдөг шиг л. 

Шинэ цомог чинь гарах гэж байгаа гэсэн. Цомогтоо хэнтэй хамтарч байгаа вэ?

Хуучныхаа дуунуудыг нэг шат ахиулж, шинэчилсэн арван дуутай цомог гарна. Нэг ширхэг ч хуучин дуу байхгүй. Эхний дуунаас сонсоод арав дах дуу хүрэхэд нэг концепцитэй байхаар хийхийг хүсч байгаа. Таван дуу нь бэлэн болсон. Цомгийн их ажлыг Г.Энэрэл /Опозит/ гардан хийж байгаа. Болхи хүн дууг хамт дуулсан Намуунтай хамтарсанаас гадна бийт дээр Эрдэнэ гээд залуу ажилласан. Миний цомог хип хоп гэхээсээ илүү чилл, аялгуулаг дуулалттай болж байгаа.

Өмнө нь чи Чойжоо, Тэнүүн, Зоригт гээд олон дуучидтай дуу хийсэн. Ер нь хамтарч ажилласан уран бүтээлчдээ хэрхэн сонгодог вэ?

Бид бие биенийхээ юу хийхийг хамгийн сайн ойлгодог найзууд. Чойжоо, Тэнүүн бид хэд нэг лебел болох гэж үзсэн ч бүтээгүй л дээ. Зоригт надад өөрөө санал тавьж байсан бол Noom, Намуун нарыг би өөрөө хайж олоод санал тавьсан. Өмнө нь нэг тийм байгаагүй чимээг хүсдэг. Монголд гоё дуулдаг, хоолойтой хүмүүс олон ч нэг л "монголжуу" өнгө аястай байдаг. Би монгол юм хиймээргүй гэж байгаа юм биш. Гэхдээ өөрийнхөө хийж байгаа зүйлийг гоё хийхийг хүсдэг хүмүүсийг л хайсан.

Репэр N.M.N: Би кино найруулахын тулд дуулж байж магадгүй (фото 1)

"Монгол өнгө аястай зүйл хийхийг би албаар хүсээгүй" гэж сүүлийн үед ярилцлагын үеэр олон уран бүтээлчид хэлж байгаа. Яагаад залуучууд ингэж хүсээд байгаа юм бол?

Энэ нь яг дараагийн шат руу орох гэж байгаа алхам байх. Эдгээр залуусыг дагаж масс болсон хүмүүсийн таашаал бас шинэ шат руу орно. Бидний хүссэн зүйлд хүрсний дараа ахиад л өөр хүмүүс гарч ирээд өөрчлөгдөнө.

Чи коммершл болон рэп маягийн гээд олон төрлийн дуу хийсэн. Цаашдаа алийг нь хөгжүүлье гэж боддог вэ?

Би дуулах дуртай. Дуулах гэхээрээ Ариуна, Сарантуяа шиг дуулах биш. Эмэгтэйлэг дуулахад надад мэргэжлийн мэдлэг дутуу ч би дуулахыг хичээдэг. Би тухайн үедээ ямар аян дээр яаж дуулахыг хүссэнээрээ л дуулна. 

Хүмүүст чиний юу таалагддаг гэж бодож байна?

Намайг сонсдог ихэнхи хүмүүс охидууд байх шиг байгаа юм. Миний тухай нэг эмэгтэй хүн дуулаад байвал намайг илүү ойлгож байгаа юм шиг санагдана. Эрэгтэй хүн дуулахаас илүү. Яагаад гэвэл одоо шүлэг бичиж дуулдаг эмэгтэй хүн ховор байгаа байх. 

N.M.N-ы хоёр, гурван клипийг хүмүүс 1,2 - 1,5 сая удаа сонссон байна. Чи өөрийнхөө амжилтыг ямар шалгуураар дүгнэх вэ?

Би хоосон байсан газар нь л гараад ирсэн юм болов уу. Би дуу хийхийн тулд мэдрэмжээ удирдаж сурахыг хичээдэг. "Түүнд хэлээч" дууг хүмүүс сонсоод "Чамайг найз залуу чинь дарамталдаг байсан юм уу" гэж асуудаг. Би өөрийнхөө биеэр үзсэн бүх юмыг дуу болгох албагүй. Сайн тайвширч, гуниглаж, үнэхээр жаргалтай байвал жаргаж чаддаг. Тухайн нөхцөл байдалдаа зуун хувь орох хэрэгтэй. Тэгж байж ямар нэгэн зүйл гарч ирнэ.  

Эмэгтэй репэр байхын сайн болоод сул тал гэж байна уу?

Эрэгтэй хүн дуу дуулж байгаатай яг л адилхан шүү дээ. Харин манайхан гадны хөгжим их сонсдог хэрнээ тэрийг монголчлоод хиймэгц "Монголчуудад зохихгүй байна. Дуурайчлаа" гэсэн сэтгэхүй байдаг нь таалагддаггүй.

Чи яруу найрагт дуртай юу? Жишээ нь Л.Өлзийтөгс гээд том шүтээнүүд байна шүү дээ.

Яруу найраг нэг их уншдаггүй ч Л.Өлзийтөгсийг бол уншсан, таалагдсан. Тийм номоос өөр шинжлэх ухааны чиглэлийн ном уншдаг.

Нээрэн чи биотехнологич мэргэжилтэй гэсэн. Цаашид мэргэжлээ яах бодолтой вэ?

Би биотехнологиор сурч, амьдралын суурь ойлголтуудыг олж авсан. Тэгэхдээ миний ирээдүйд хийх зүйл арай өөр. Жишээ нь би киноны харилцан яриа бичдэг хүн болохыг хүсдэг. Магадгүй би кино найруулах гэж ч дуу дуулж байж магадгүй.

Чи тэгвэл ажиглагч хүн үү?

Би ажиглагч гэж өөрийгөө хэлмээргүй байгаа ч эргэн тойронд надаас илүү тийм хүн их байдаг.

Репэр N.M.N: Би кино найруулахын тулд дуулж байж магадгүй (фото 2)

Instagram-р голчлон ямар хүмүүс дагадаг вэ?

Найзуудыгаа бол дагадаг. Сүүлд тэмдэглэлийн дэвтэр зурдаг, гоё бичдэг, хөтөлдөг 200 хүнийг дагасан. Нэг тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг хүн олоод, "Мэдээж энэ хүнийг дагасан хүмүүс адилхан байх" гээд бүгдийг нь харж байгаад дагачихсан. 

Сошиал ертөнц маш их тандагч, хөндлөнгөөс бүгдийг нь нэвт шувт харж болдог. Чамд тэр байдал ямар вэ?

Би жаахан хувийн орон зайг чухалчилж үздэг.

Хувцаслалтын хувьд таалагддаг хэв маяг?

Чөлөөт, хурц биш, олдскүүл хувцаслах дуртай.

Чи дуундаа "Хүн шиг хүн байгаач" гэсэн үг оруулсан байсан. Энэ нь чинийхээр ямар утгатай вэ?

Өөртөө үнэнч, өөртөө худлаа ярьдаггүй. Нэг хүссэн зүйлээ яагаад өөрөө хүссэнээ мэддэг, юу хийж байгаагаа ойлгохыг хэлэх байх. Би үлгэр, далд ертөнцөд их итгэдэг. Түүгээрээ өөртөө төсөөллийн орон зай бий болгочихсон. Тиймээс хүн болгон энэ дэлхийд ирэхдээ ямар нэгэн зүйл хийх гэж л ирдэг. Тэр зорилгоо олох л хэрэгтэй.

Чи студидээ ямар үед ихэвчлэн очдог вэ?
Ямар нэг сэтгэгдэл төрсний дараа. Янз бүрийн зүйлээс ямар нэг сонин мэдрэмж авчихаад. Хүмүүс надаас тэр дууг яагаад хийсэн бэ гэж асуудаг. Яагаад гэдгийг нь би өөрөө мэдэхгүй. "За, би өнөөдөр тийм дуу хийе" гэсэн юм байдаггүй. Тухайн цаг үед гэнэт нэг юм орж ирээд, түүнийгээ хийдэг.

Чамайг хамгийн сэтгэл хангалуун болгодог зүйл юу вэ?
Байгаль. Ус. Би усанд маш дуртай. Ямар нэгэн юм хийхдээ орчин бүрдүүлэх сайхан байдаг.

Чи шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

Хүлээж авна. Би ерөөсөө тийм шүүмжлэлд бухимддаггүй. Бүх юмыг багаасаа байгаагаар нь хүлээж аваад сурчихсан. Маш гоё юм байсан ч "хүүх" гэж уулга алддаггүй.

Хэрвээ, хэсэг хугацааны дараа чамайг мартчихвал чамд харамсалтай байх уу?

Тэр үед нь магадгүй өөр юм хийгээд гараад ирсэн байж болно. Тэгэхдээ миний дууг хүмүүс сая удаа сонсчихсон ч гэсэн би хүмүүс намайг сайн мэддэг гэж боддоггүй. Эсвэл миний эргэн тойронд тийм хүмүүс байдаггүй. Манай гэрийнхэн, найзууд хүртэл миний дуу гараад нэлээд удсаны дараа намайг дуулдаг гэж мэдсэн. Миний эргэн тойронд байнга тийм зүйл байдаггүй болохоор "Одоо намайг хэзээ мартах болоо , мартагдахгүй байх юмсан" гэсэн зүйл байхгүй.

цааш үзэх