Сэтгэлийн шаналлаас эдгэрэлт хүрэх зам: Леди Гагагийн "Chromatica" шинэ цомог
Дуучин Леди Гага коронавирусын улмаас худалдаанд гарах хугацаа нь хойшлогдоод байсан "Chromatica" нэртэй зургаа дах шинэ цомгоо саяхан танилцуулсан билээ. Түүний шинэ цомогт Элтон Жон, Ариана Гранде, Blackpink хамтлаг зэрэг дэлхийн хэмжээний одууд хамтран ажилласан бол сэдвийн хувьд сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн дарамт, алдар нэр, өөрийгөө хайрлах хайр зэрэг өргөн хүрээг хамарсан байгаа. Ингээд dance pop, электро поп урсгалын энэхүү шинэ цомог юу өгүүлж байгаа талаар BURO. дэлгэж байна.
Леди Гага болон Мэрилин Мэнсон нар бол XXI зууны урлагийн ертөнцийн гол фрикүүдээр тооцогддог. Тэд өмнө нь гаж, муухайд тооцогдож байсан зүйлсийг алдаршуулж, догь болгож чадсан юм. Дуучин бүсгүй хүрсэн бүх зүйлсээ драматик, хэтрүүлэгтэй болгож, тогтсон дүрэм журмыг ийм аргаар эвдэж байв. Харин тэрээр олон янзын уран бүтээлийн туршилт хийсний эцэст электро поп жанр болон "Poker Face", "Bad Romance"-ын үеийн дүр төрхдөө долоон жилийн дараа эргэн ирж байна. Тэдгээрийн дунд алдарт эстрадын дуучин Тони Беннеттэй хамтарсан "Check to Check" жазз цомог, фолк ба кантри урсгалын "Joanne" болон "A Star Is Born" киноны саундтрек болох Оскарын шагналт "Shallow" сингл зэргийг дурдаж болно.
"Chromatica" цомгийг Леди Гага авангардист, рок уран бүтээлч Фрэнк Заппагийн студид бичүүлсэн бол продюсероор Бритни Спирсийн "Baby One More Time", Maroon 5 хамтлагийн "One More Night" зэрэг дууг хийсэн нэрт продюсер Макс Мартин ажиллажээ.
Стефани Жерманотта (Леди Гагагийн жинхэнэ нэр) өөрийн шинэ бүтээлээ сэтгэлийн шаналлаас эдгэрэлт хүрэх зам хэмээн тодорхойлсон бөгөөд өөртэйгөө адил зовлон туулсан хүмүүст туслахыг зорилгоо болгосон байна. Тэрээр 19 настай байхдаа нэгэн хөгжмийн продюсерын зүгээс нэг бус удаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан хэмээн одоогоос таван жилийн өмнө мэдэгдсэн юм. Энэ нь түүний амьдралыг үзэх үзэл, хөгжмийн ертөнц, ерөнхийдөө хорвоо ертөнцийг хүлээн авах мэдрэмжийг тэр чигт нь өөрчилсөн гэжээ. Харин "Free Woman" дуу нь эдгээр мэдрэмжүүдээс ангижрах талаар өгүүлсэн юм. "Хэн нэгэн байхын тулд надад хатуу гар хэрэггүй. Бүхнийг өөрөө хийж чадна гэдгийг л ойлгох хэрэгтэй" хэмээн дуулжээ. Мөн цомогт домогт Элтон Жонтой хамтран дуулсан "Shine From Above" нэртэй дуу багтсан байгаа. Тэрээр Элтон Жон түүнийг цаг үргэлж дэмжиж, хөгжим болон өөрийгөө ойлгож, хүнд цаг үеийг даван туулахад нь тусалсан хэмээн хуваалцсан байдаг. Түүнчлэн Леди Гага дуучин Ариана Грандетэй хамтран "Rain on Me" гэх бас нэгэн хит дуу бичүүлсэн юм. Тэрээр уг хамтын ажиллагааг "гайхалтай туршлага" болсон хэмээн тодорхойлсон байна.