Хайх

74 дэх Канны кино наадмын улаан хивсний ёслол

74 дэх Канны кино наадмын улаан хивсний ёслол

Шилдэг төрхүүд

Text: Buro.Mongolia


Зураг: Vogue

Энэ зуны хамгийн их хүлээлтийг үүсгээд байсан үйл явдал өчигдөр буюу долдугаар сарын 6-ны өдөр эхэллээ. Тодруулбал, Францын Номин эрэгт Европын кино урлагийн чухал арга хэмжээ болох 74 дэх Канны кино наадам эхэлж шилдэг жүжигчид ба загварын шүтээнүүд улаан хивсний ёслолд хуран цугларсан юм. Уг ёслолоос Белла Хадидын сонгосон Jean Paul Gaultier брэндийн винтэж даашинз онцгойрлоо. Энэхүү даашинзыг 2002 онд загвар өмсөгч Наоми Кэмпбелл цуглуулгын танилцуулгын үеэр өмсөж байснаараа онцлог билээ. Шүүгчдийн багийг ахалж байгаа найруулагч, зохиолч Спайк Ли Louis Vuitton-ы өнгөлөг хослолоор гоёжээ. Түүнчлэн Кэндис Свейнполын Etro загварын ордны хагас гэрэлтсэн комбинзон, Хелен Миррены зөгийн балны шар өнгөтэй Dolce & Gabbana-ийн даашинз, Карла Брунигийн тэнгэрийн цэнхэр Celine брэндийн гоёл камерын дуранд өртөж хүн бүхний анхаарлыг татсан юм.

Энэ жилийн наадам уламжлалт байдлаар буюу бүрэн оффлайн горимоор долдугаар сарын 6-17 хооронд зохион байгуулагдана. Уг наадамд нээлтийн үйл ажиллагаа нь цар тахлын улмаас удаа дараа хойшлогдсон Уэс Андерсоны "The French Dispatch" кино, Францын алдарт Шарлотта Рэмплинг, Софи Марсо жүжигчдийн тоглосон "Everything went fine" болон бусад бүтээлүүд нээлтээ хийх болно. Дээр дурдсанчлан Спайк Ли шүүгчдийн багийг ахалж байгаа бөгөөд тэрээр наадмын түүхэн дэх уг албан тушаалыг хашиж буй анхны хар арьстай найруулагчаар тодорчээ. "Түүний кинонд зориулдаг гал эрмэлзэл бидэнд наадмаа зохион байгуулах хүч чадлыг өгөх болно. Бид Канныг тэсэн ядан хүлээж байна" хэмээн арга хэмжээний ерөнхий захирал Тьери Фремо онцолсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх