Хайх

Alice Through the Looking Glass киноны шинэ тизер гарлаа

Ном болон киноны тухай

Text: Б.Амина


Зураг:

Удахгүй тавдугаар сард нээлтээ хийх шинэ ангид биднийг гайхшруулах олон зүйлс байгаа бололтой. Тэгэхээр киног нээлтээ хийхээс өмнө хүүхдүүддээ зориулж эх зохиолыг нь уншиж өгцгөөе

Яагаад кино гарах гэж байхад хүүхдэд зохиолыг нь уншиж өгөх хэрэгтэй вэ гэж үү? Яагаад гэвэл таны хүүхэд анх удаагаа Алисын ертөнцтэй танилцах гэж байгаа бол өөрийнх нь төсөөлөл ямар ч шилдэг найруулагч, зураачдынхаас илүү уран гоё учраас, түүнийг эхлээд өөрийнхөөр нь хөгжүүлэх хэрэгтэй юм.

Льюис Кэрролын "Alice's Adventures in Wonderland" ном 1865 онд хэвлэгдэн гарснаасаа хойш ганцхан Англид гэхэд 300 гаруй удаа хэвлэгдэж, бүхэл бүтэн 150 жилийн турш хүүхдүүд энэ л зохиолоор ид шидийн ертөнцтэй танилцсаар иржээ. Урд өмнө нь шидэт үлгэр олон байсан ч үүн шиг хэзээд орчин үеийн байж чаддаг гайхалтай фантази гараагүй байсан юм. Тиймээс өөрийг нь ёгтолж бичсэн ч гэлээ Английн хатан хаан зохиолчийн бусад номнуудыг уншихыг маш их хүсч байжээ. Гэвч Льюис Кэрролын бичсэн энэ номноос бусад бүтээлүүд нь дандаа математикийн номнууд байсан гэдэг. Харин өнөө үед хүүхдүүд ид шид, тэмцэл, өрнөлөөр дүүрэн Алисын адал явдалтай Тим Буртоны киногоор дамжуулан танилцах болсон.

Тус зохиолоор сэдэвлэгдэн бүтээгдсэн "Alice in Wonderland" киноны хоёрдугаар хэсэг "Alice Through the Looking Glass" нэртэйгээр ирэх тавдугаар сард гарна. Энэ удаад киноны найруулагчаар Тим Буртон биш харин Жеймс Бобин ажилласан байгаа. Харин Буртоны найруулсан өмнөх ангийн дүр зураг мэдээж хэвэндээ үлджээ. "Alice in Wonderland" кинонд тоглосон жүжигчид ч мөн шинэхэн кинонд оролцон тоглосон. Жонни Депп Галзуу Малгайтаны дүрд, Улаан Хатанд Тим Буртоны гэргий Хелена Картер, Цагаан Хатанд Энн Хэтэуэй, мөн Алисын дүрд Миа Васиковска нар үргэлжлүүлэн тоглосон байгаа. Мөн киноны нэгэн дүрд Алан Рикман дуу оруулсан нь түүний ажилласан хамгийн сүүлийн бүтээл болсон билээ.

Энэ кино мэдээж нээлтээ хийсэн даруйдаа л ашиг орлогоороо тэргүүлж эхэлнэ. Гэхдээ эцэг, эхчүүдэд хандан хэлэхэд хүүхдээ Алисын гайхамшигт ертөнцтэй номоор нь эхлээд танилцуулаарай. Тэгвэл таны хүүхэд адал явдал, сэтгэл татам үйл явдлуудыг өөрийнхөөрөө төсөөлж, ургуулан бодох чадвар нь илүү хөгжих болно шүү. 

цааш үзэх