Хайх

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцсон онцлох уран бүтээлчид

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцсон онцлох уран бүтээлчид

АНУ-ын 46 дах ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын онцлох уран бүтээлчид

Text: Buro.Mongolia


Хэдхэн цагийн өмнө АНУ-ын 46 дах ерөнхийлөгч Жозеф Робинетт Байден болон анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын тангараг өргөх ёслол Вашингтонд болж өнгөрлөө. Энэхүү түүхэн үйл явдалд Билл болон Хиллари Клинтон, Барак болон Мишель Обама зэрэг АНУ-ын хуучин лидерүүд оролцсон бол ерөнхийлөгч асан Дональд Трамп гэргийн хамтаар ёслолд оролцохоос татгалзаж, арга хэмжээ эхлэхээс өмнө Цагаан ордныг орхиж, Флорида дахь гэр лүүгээ нүүсэн юм.

Тангараг өргөх ёслолд зориулан эхний ээлжид дуучин Леди Гага, Женнифер Лопес, Гарт Брукс нар тайзан дээр гаран эх оронч дуунуудыг дуулсан байгаа. Мөн энэ үеэр поп оддоос гадна 23 настай яруу найрагч Аманда Горман шүлэг уншсан нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. Энэ өдөр тангараг өргөх ёслолд оролцсон хүн бүр ардчилал, өөрчлөлт, эв нэгдлийг чин зорилгоо болгосон нь анзаарагдаж байлаа.

Леди Гага

Дуучин бүсгүй хар, улаан өнгийг хослуулсан хувцсаар гоёж, энгэртээ энх тайвныг бэлгэдсэн тагтааны дүрстэй зүүлт зүүн ёслол төгөлдөр тайзан дээр гарч ирсэн юм. Леди Гага АНУ-ын төрийн дууллыг дуулж, хүчирхэг хоолойгоороо дэлхий нийтийг дахин нэг удаа гайхшруулсан билээ.

Женнифер Лопес

Тэрээр ёслолд зориулан цагаан өнгийн total-look бүрдүүлсэн байлаа. J.Lo олон нийтийн өмнө "Америкийн албан бус төрийн дуулал" гэгддэг Вуди Гатригийн 1940 онд зохиосон "This Land Is Your Land" дууг дуулсан юм.

Гарт Брукс

Тэдний араас ковбой малгай, жийнсэн өмд өмссөн алдарт кантри дуучин Гарт Брукс гарч ирэн "Amazing Grace" дууны өөрийн гэсэн хувилбарыг дуулан, Америкийн ард түмний сэтгэлийг уяраажээ.

Аманда Горман

Харвардын төгсөгч, нийгмийн идэвхтэй тэмцэгч, яруу найрагч, 23 настай Аманда Горман энэ өдрийн гол баатруудын нэг байлаа. Тэрээр "The Hill We Climb" гэх эв нэгдлийн тухай шүлэг уншиж, хүн бүрт урам зориг өгч байв.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх