Эмэгтэйчүүд ба шинэ мянганыхан урлагийн бүтээл худалдан авах нь ихэсчээ
Онлайн худалдан авалт ч нэмэгдсэн байна
Сүүлийн үед эмэгтэйчүүд болон шинэ мянганыхан урлагийн бүтээл цуглуулах нь эрс ихэсч байна. Жишээ дурдахад чинээлэг эмэгтэйчүүдийн гуравны нэг нь урлагийн бүтээл эзэмшдэг эсвэл худалдаж авахыг хүсдэг гэдгийг Bank of America-гийн салбар US Trust нэртэй байгууллагын хийсэн судалгаа харуулжээ.
Мөн урлагийн бүтээл цуглуулагчдын дунд шинэ мянганыхан эрс нэмэгдэж байгаа нь энэхүү судалгаанд дурдагдсан байна. Тодруулбал нэг жилийн хугацаанд тэдний тоо 8% өссөн гэсэн үзүүлэлт гарчээ.
Мэдээж гоо зүйн таашаал авах нь урлагийн бүтээл худалдан авах үндсэн шалтгаан болдог. Гэхдээ залуу үеийнхэн урлагийн бүтээлийг хөрөнгө оруулалт хэлбэрээр хүлээн авдаг гэнэ. Судалгаанд хамрагдсан шинэ мянганыхны гуравны нэг нь өөрсдийн эзэмшдэг урлагийн бүтээлийн цуглуулгыг санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тулгуур болно гэж үздэг байна. Гэхдээ үүнээс гадна шинэ үеийнхэн урлагийн бүтээл цуглуулах нь бусад цуглуулагчид, уран бүтээлчидтэй уулзаж, харилцах бас нэгэн сайхан боломж гэж хүлээн авдаг аж.
Судалгааны үр дүнгээс харахад урлагийн бүтээлийн онлайн худалдан авалт эрс өссөн болох нь тодорхой болж байна. Тухайлбал өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил урлагийн бүтээлийн онлайн худалдан авалт бараг хоёр дахин нэмэгджээ.
Саяхан бид дэлхийн аль ч өнцгөөс, хүссэн үедээ худалдан авалт хийх боломжтой Монгол урлагийн бүтээлийн дижитал тавцангийн тухай энд бичсэн билээ.