“House of Cards” цувралын гол баатар нь эмэгтэй хүн байх болно
Кевин Спейсиг орлоно
Netflix-ийн хэвлэл мэдээллийн алба Оскарын шагналт жүжигчин Кевин Спейситэй албан ёсоор гэрээгээ цуцалсан гэдгээ мэдэгдлээ. Учир нь алдарт жүжигчин хэд, хэдэн хүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх шуугианд өртсөнөөс болж Netflix энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Гэсэн хэдий ч Netflix Кевин Спейсигийн оролцсон "House of Cards" цувралын зургаадугаар улирлыг үргэлжлүүлэхээр шийджээ. Гэхдээ шинэ улирлын гол дүр нь Кевин Спейсигийн тоглодог Фрэнк Андервуд биш харин түүний эхнэр Клэр Андервуд байх болно. Клэр Андервудын дүрийг 2013 оноос эхлэн жүжигчин Робин Райт ("Wonder Woman", "Forest Gump") бүтээж ирсэн юм. "House of Cards" цувралын зургаадугаар улирлын зураг авалт 2018 онд эхлэх ба харамсалтай нь Кевин Спейси энэ төсөлд огт оролцохгүй гэдгийг Netflix-ийн контент хариуцсан захирал Тед Сарандос мэдэгдсэн байна.
Сонирхуулахад хамгийн анх Майкл Доббс "House of Cards" нэртэй ном бичсэн бөгөөд 1990 онд энэхүү зохиолоос сэдэвлэсэн ижил нэртэй Их Британийн мини цуврал гарч байсан түүхтэй. Тэгвэл энэхүү номонд гол баатар Фрэнк Андервуд амь үрэгдэж төгсдөг тул Netflix ч бас Кевин Спейсигийн дүрийг ийнхүү "устгах" магадлалтай юм.