Хайх

Хоакин Феникс кино наадмын улирлаар зөвхөн нэг хослолоо л өмсөнө

Хоакин Феникс кино наадмын улирлаар зөвхөн нэг хослолоо л өмсөнө

Байгаль дэлхийгээ хамгаалахад бусдыг уриалж байна

Text: Buro.Mongolia


Хэдхэн хоногийн өмнө "Алтан Бөмбөрцөг" кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Хоакин Феникс уг арга хэмжээний үеэр өмссөн Stella McCartney брэндийн хослолоо ойрын хэдэн сард зохиогдох кино наадмуудад ахин дахин өмсөхөө амласан байна. Энэ талаар дизайнер Стелла Маккартни өөрийн Twitter хуудсаар дамжуулан зарлажээ.

"Энэ хүн бол ялагч. Тэр байгаль дэлхийн ирээдүйн төлөө Stella McCartney брэндийн хослол өмсөхийг сонгосон. Мөн тэр хог хаягдлыг багасгахын тулд кино наадмын улирлаар зөвхөн тэрхүү хослолоо л өмсөхөөр шийдсэн. Би түүнтэй хамт хүчээ нэгтгэж байгаадаа бахархалтай байна" хэмээн дизайнер бичжээ.

Үүнээс гадна Хоакин Феникс 77 дах удаагийн "Алтан Бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын зохион байгуулагчдыг зөвхөн ургамлын гаралтай хоолны цэс боловсруулахыг эцсийн мөчид ятгаж чадсан байна. Ихэвчлэн ёслолын үеэр загас эсвэл стейкээр үйлчилдэг бол энэ удаад Хоакин Фениксийн ачаар зочид улаан манжингийн шөл, мөөгний ризотто, шоколадтай амттан зоогложээ. Хоакин Феникс тайзан дээр шагналаа гардан авахдаа "Хамгийн түрүүнд амьтан үржүүлэг болон байгаль орчны өөрчлөлтийн хоорондын холбоог ухамсарлаж байгаа зохион байгуулагчдад талархлаа илэрхийлэхийг би хүсэж байна. Энэ үдшийг веган болгож байгаа нь маш зоригтой шийдвэр. Бас Палм-Спрингс рүү ирж, очихдоо хувийн онгоцоороо нисэхээ больцгооё" хэмээн байгаль орчноо хамгаалахад бусад алдартнуудыг уриалжээ.

Гэхдээ зарим хүмүүс эрэгтэй хүний хувьд хослол нь улаан хивсний "дүрэмт хувцас" учраас тэдэнд нэг хослолоо олон дахин өмсөх нь хэцүү зүйл огт биш хэмээн үзэж байгаа юм. Харин эрчүүдийн оронд Холливүүдийн эмэгтэй жүжигчдийг байгаль орчны төлөө бүтэн жилийн турш нэг даашинзаа өмсөхийг харахыг хүсэж байна хэмээн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үзэл бодлоо хуваалцжээ.

цааш үзэх