Хунтайж Чарльз Эд Шираныг Их Британийн эзэнт гүрний одонгоор шагналаа
Мөн Ширан хунтайж Харри ба Меган Маркл нарын хуримын ёслол дээр дуулах хүсэлтээ илэрхийлсэн байна
Өчигдөр Букингемийн ордонд II Элизабет хатан хааны хүү хунтайж Чарльз дуучин Эд Ширанд Их Британийн эзэнт гүрний одонг гардууллаа. Өдгөө 26 настай дуучин "хөгжмийн салбар ба сайн үйлсийн ажилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө" энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ.
Эд Ширан шагнал гардуулах ёслолд урт загвартай сонгодог хүрэм, саарал өмд өмсөн, хүрэлцэн ирсэн харагдлаа.
Тэрээр хунтайж Чарльзтай гар барьсныхаа дараа түүнд хандан хунтайж Харри ба Меган Маркл нарын хуримын ёслол дээр эгшиглэх анхны дууг дуулах хүсэлтэй буйгаа илэрхийлж мөн одоогоор хуриманд уригдаагүй байгаа гэдгээ онцлон хэлжээ.
Сонирхуулахад энэ жил Spotify хөгжим түрээсийн үйлчилгээний хамгийн олон удаа сонссон уран бүтээлүүдээр Эд Шираны дуунууд шалгарсан юм.