Меган Маркл яагаад шинэ Кейт Миддлтон болохгүй вэ?
Тэрээр хааны гэр бүлийн тухай бүх хэвшмэл ойлголтуудыг эвдэж байна
Хунтайж Харри есдүгээр сарын 26-нд нэгэн арга хэмжээний үеэр анх удаа олон нийтийн өмнө өөрийн найз бүсгүй Меган Марклын хамтаар гарч ирсэн юм. Өдгөө 36 настай Меган Марклыг бид "Suits" цувралаар маш сайн мэднэ. Тэрээр энэхүү цувралд долоон улирлын турш Рэйчел гэх зоригтой бүсгүйн дүрийг бүтээсэн билээ. Рэйчел хуульчийн даруухан туслахын хэвшмэл дүр төрхийг эвдэж чадсан юм. Түүнд өөрийн гэсэн шилэн өрөө, бүх өнгийн Céline цүнх болон өөрийн гэсэн үзэл бодол бий. Меган ирээдүйн гүнжийн дүрийг ч мөн яг ийм хэв маягаар бүтээж байна. Гэхдээ бүх талаараа үлгэр жишээ болсон Кейт Миддлтонтой тэр зөвхөн үсний уртаараа л адилхан байх. Бидний хувьд Кейт Миддлтон биш харин Меган Маркл орчин цагийн гүнж юм. Яагаад гэдгийг энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Гэр бүл, үндэс угсааны талаар
Меган Маркл тийм ч хангалуун гэр бүлд өсч торниогүй учраас түүнийг орчин үеийн Үнсгэлжин хэмээн нэрлэдэг. Нэгэн цагт Беркширээс гаралтай, зургаан сая фунт стерлингийн үнэтэй эдлэн газарт амьдардаг Английн саятнуудын охин Кейт Миддлтоныг яг ингэж нэрлэж байсан түүхтэй. Гэхдээ Кэтриний эмээ (аавынх нь ээж) Олив Кристиана Миддлтон чинээлэг язгууртан байсан төдийгүй ээжийнх нь ах саятан Гарри Голдсмит юм.
Тэгвэл Меган Марклын түүх харьцангуй энгийн. Меганыг дөнгөж зургаан настай байхад нь түүний эцэг эх салсан юм. Түүний аав Томас Маркл "Married... with Children", "General Hospital" гэх гэрийн эзэгтэй нарт зориулсан телевизийн шоуны гэрэлтүүлгийг хариуцдаг байв. Харин Меганы ээж Дориа Радлан нь африк америк гаралтай бөгөөд гэрийнхээ ойролцоо байрлах фитнесс клубт йогийн багшаар ажилладаг байгаа. Меган ч үүнийг нуудаггүй бөгөөд үргэлж эцэг эхээрээ бахархдаг юм. Түүнд боломж гарч ирэх бүрт Меган эцгийгээ "Emmy"-гийн шагнал хүртэж байсныг, мөн ээж нь Didi Hirsch эмнэлгийн сэтгэл санааны эмгэгтэй хүмүүст сайн дураараа тусалдаг тухай дурддаг.
Тэрээр өөрийн үндэс угсаа, гарал үүслийн талаар маш нээлттэй ярьдаг. "Эцэг эх маань намайг бусдаас өөр биш харин онцгой гэдгийг мэдрүүлсэн тийм л ертөнцийг бий болгож өгсөн. Аав маань нэгэн өдөр надад хүүхэлдэйн иж бүрдэл бэлэглэсэн юм. Энэхүү иж бүрдэлд өнгөт арьстай ээж хүүхэлдэй, цагаан арьстай аав хүүхэлдэй мөн өнгөт ба цагаан арьстай хүүхдүүд байсан " гэж тэр хуваалцжээ. Мөн тэрээр Их Британийн Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүнийг долоодугаар ангид байхад нь үндэс угсаагаа тодорхойлох анкет бөглөхийг багш нь хүссэн тухай ярьсан юм. Гэхдээ энэхүү санал асуулгын хуудаст зөвхөн Европ, Африк-Америк, Ази, Латин Америк гэсэн л сонголтууд байсан учраас Меган бөглөхөөс татгалзсан байна. "Би эцэг эхийнхээ аль нэгнээс нь татгалзах хэрэгтэй болсон учраас хариултын хэсэгт асуултын тэмдэг тавьж үлдээсэн" гэж багшдаа хэлж байжээ.
Түүний үндэс угсаа жүжигчнийх нь карьерт харин ч давуу тал болж өгдөг байна. Учир нь Меган Латин Америк ба Европ бүсгүйн дүрд аль алинд нь тоглох боломжтой байдаг аж. "Suits" цувралын хоёрдугаар улиралд түүний эцгийн дүрд Уэнделл Прайс гэх Африк Америк жүжигчин тоглох үед үзэгчид тэдний хооронд ямар ч холбоо олж харахгүй байгаа гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Харин Меган цувралын хоёрдугаар улирал дууссаны дараагаар олон нийтэд хандан захидал бичиж байсан удаатай. "Намайг яг хэн бэ гэж долоо хоног бүр, өдөр бүр надаас асуудаг. Тиймээс би одоо ч гэсэн үргэлж хэлдэг хариултаа хэлье. Би бол жүжигчин, зохиолч, өөрийн үүсгэн байгуулсан The Tig брэндийн ерөнхий редактор, маш сайн тогооч, мөн гараараа захиа бичих дуртай хүн байна. Хэдийгээр энэ нь маш урт танилцуулга мэт санагдаж магадгүй ч би яг ингэж л хүмүүст өөрийгөө танилцуулахыг хүсч байна. Гэхдээ үүний дараа хүмүүс "Тийм ээ, гэхдээ чи яг хэн бэ? Эцэг эх чинь хаанаас гаралтай вэ?" гэж асуудаг. Хариуд нь би Охайо эсвэл Пенсильванийн тухай ярилгүй шууд л тэдний хүсэн хүлээсэн хариултыг өгдөг. Миний аав цагаан арьстан харин ээж маань Африк-Америк гаралтай. Тиймээс би хар ба цагааны эрлийз" хэмээн хариулдаг гэжээ.
Меганы үндэс угсаанд хүмүүс маш их анхаарал хандуулж байгаад түүний хунтайж найз залуу хамгийн ихээр санаа зовнидог. Бүр 2016 онд буюу тэдний харилцаа албан ёсоор батлагдаагүй байх үед Кенсингтоны ордны вебсайт дээр "Хунтайж Харригийн найз бүсгүй Меган Маркл хэвлэл мэдээллийнхний бай болж байна. Үндэсний сонин хэвлэлүүдийн эхний нүүрэнд гарсан мэдээллүүд, aрьс өнгөний асуудлыг хөндсөн, сексист далд утгатай зүйлс нь хэрээс хэтэрч байгаа. Хунтайж Харри Меган Марклын аюулгүй байдалд санаа зовниж, түүнийг хамгаалж чадаагүйдээ сэтгэл нь маш их гонсойсон" гэсэн мэдэгдэл гарч байсан юм.
Карьер
"Жүжигчин, зохиолч, өөрийн гэсэн брэндийн ерөнхий редактор" гэх тодорхойлолт нь олон сая дагагчтай сонгодог блогерыг санагдуулж болох ч Меган үнэхээр энэ бүх ажлуудыг хийж байсан гэдгээрээ тэднээс ялгарч байгаа юм. Юуны өмнө Меган гэр бүлийнхээ түүхэнд коллеж төгссөн анхны хүн болсон гэдгийг дурдах хэрэгтэй. Тэр ч бүү хэл тэрээр "театр", "олон улсын харилцаа" гэсэн хоёр мэргэжил давхар эзэмшсэн юм.
Меган Марклын Холливүүдийн карьер захидлаас эхэлсэн гэж хэлж болно. "Би арга хэмжээ ба хуримын урилга дээр каллиграф бичдэг байсан юм. Сонгон шалгаруулалтанд оролцох цаг гаргахын тулд мөнгө олох хэрэгтэй байлаа. Миний бодлоор бол гараар бичих нь мартагдсан урлаг. Намайг хамгийн анх цувралд дүр бүтээхээр болоход аав маань надад өөрийн гараар захиа бичиж өгсөн. Би түүнийг нь одоо хүртэл хадгалдаг" гэж тэрээр Good Housekeeping сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
"Suits" цувралаас өмнө Меган "Deal No Deal" шоунд 24 дугаартай чемодан зөөж, "90210", "CSI: Miami", "CSI: New York" цувралуудад жижиг дүр бүтээж байжээ. Үүний дараа тэрээр "A Lot like Love" нэртэй кинонд Эштон Катчертай онгоцонд таардаг, нэгэн яриа бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг "Horrible Bosses" кинонд FedEx-ийн ажилтны дүрийг бүтээхэд жүжигчин Жейсон Судейкис Меганд "Чи энэ дүрд хэтэрхий гоёдоно. Чи жинхэнэ жүжигчин эсвэл модель болох ёстой" гэж хэлж байжээ.
Харин 2011 оноос эхлэн Меган "Suits" цувралд тоглож байгаа юм. Уг цувралын долоодугаар улиралд тоглохын тулд тэрээр Торонто хот руу нүүжээ. Зарим нэг эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Мегантай уулзахаар хунтайж Харри өөрийн биеэр зураг авалтын талбай дээр ирдэг байсан аж.
"Би хэзээ ч хатагтай шиг байхыг хүсээгүй. Харин үргэлж ажил хийдэг эмэгтэй байхыг хүсдэг байсан" гэж Меган Hello сэтгүүлд ярьсан байна. Тэгвэл одоо Кейт Миддлтоныг эргэн санацгаая. Кембрижийн гүнгийн авхай 2005 онд урлагийн түүхээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд сургуулиа төгссөн даруйдаа л Party Pieces нэртэй эцэг эхийнхээ компанид ажиллах болсон юм. Тус компанийн цорын ганц үйл ажиллагаа нь үдэшлэгт зориулсан эд зүйлсийг шуудангаар хэрэглэгчдэд хүргэдэг байв. Тухайн онд Кейт ба хунтайж Уильям нар өөрсдийн харилцаагаа олон нийтэд зарласан юм. Харин 2006 онд Кейт Jigsaw гэх эмэгтэйчүүдийн хувцасны дэлгүүрт хагас цагийн ажилтнаар орсон ч тэндээ нэг жил ч ажиллаж чадаагүй байна. Кейт тухайн үед гэрэл зургийн урлагаар дагнах хүсэлтэй гэсэн шалтгаанаар Jigsaw-аас гарсан хэдий ч, хэрэв Шарлотта, Жорж нарын хөрөг зургийг тооцохгүй бол бид түүний уран бүтээлийг одоо хүртэл олж хараагүй л байна.
Тэгш эрхийн төлөө тэмцэгч
Ямар нэг сайн үйлсийн ажил хийдэггүй гүнж гэж бараг байдаггүй л болов уу. Энэ нь хааны гэр бүлийн имижийг тодорхойлдог, заавал хийх ёстой үндсэн хөтөлбөр юм. Гэхдээ хэрэв Кейт Миддлтон Кенсингтоны ордонд нүүж очсоныхоо дараа л сайн үйлсийн ажил хийж эхэлсэн бол Меган хунтайж Харритай танилцахаас бүр өмнө нь буюу 1992 оноос эхлэн дэлхийн асуудлуудад анхаарал хандуулах болжээ.
Ларри Кингтэй хийсэн ярилцлагынхаа үеэр Меган Маркл 11 настай байхдаа нэгэн телевизийн сурталчилгааг олж үзсэн тухайгаа дурдсан байна. Сурталчилгаанд нэгэн угаалгын бодис үйлдвэрлэгч компани эмэгтэйчүүд гал тогооны өрөөнд байх ёстой гэж хэлсэн гэнэ. Тэрээр шууд л аав дээрээ гүйн очиж, энэ тухай асуусан гэдэг. Хамгийн гайхалтай нь түүний ангийн хүүхдүүд энэхүү сурталчилгааны тексттэй бүгд санал нийлж байжээ. Тиймээс Меган тухайн үед АНУ-ын тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтонд уг нөхцөл байдалд нөлөөлөхийг хүссэн маш урт захидал бичиж байсан гэнэ. Үүний үр дүнд нөгөөх сурталчилгааны текстийг өөрчилсөн байна.
Хүүхэд насандаа Меган "Rosie the Riveter" гэх эмэгтэйчүүдийн бэлгэ тэмдэг болсон нэгэн дүрийг шүтэн биширдэг байжээ. "Намайг бага байхад миний өрөөнд Розигийн гарынхаа булчинг чангалж буй зурагт хуудас өлгөөтэй байдаг байсан. Би 11 настайдаа угаалгын бодисын сексист сурталчилгааг олж хараад Розигийн ‘Бид үүнийг хийж чадна' гэсэн уриаг санаж, шууд л Клинтонд захиа бичсэн" гэж жүжигчин бүсгүй ярьсан юм.
Меган 20 наснаасаа эхлэн хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг дэмжих зорилготой НҮБ, Дэлхийн зөн болон бусад янз бүрийн хандивын байгууллагуудтай хамтран ажиллах болжээ. Тэрээр 2015 оны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр НҮБ-д хүйсийн эрх тэгш байдлын тухай илтгэл тавьж байсан юм. Тухайн үед НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун босч зогсон, алгаа ташиж байсан гэдэг.
Меган хүмүүст урам зориг өгч, өөрийн туршлагаасаа хуваалцахын тулд The Tig гэх нэртэй амьдралын хэв маягийн блог үүсгэн байгуулж, гурван жилийн турш хөтөлсөн юм. Энэхүү төслийн уриа нь "Дэлхийд харахыг хүсч байгаа өөрчлөлт нь та өөрөө бай" гэх Меганы дуртай үг байлаа. The Tig гэх нэрийг Меган Маркл өөрийн дуртай Tignanello гэх улаан дарсны нэрээс сэдэвлэжээ. Тэрээр энэхүү блогоор дамжуулж хүйсийн эрх тэгш байдал, дэлхийн сайн сайхны тухай дэлгэхийн зэрэгцээ хооллолтын асуудлын талаар дэлгэдэг байжээ. Жүжигчин бүсгүй эмэгтэйчүүдийг өөрсдийгөө хайрлаж, хоолны дэглэм барихгүй байхыг уриалдаг байлаа. Яг л "Suits"-ийн Рэйчелийн адилаар Меган паста, гуакамоле, бяслагтай шарсан талх гээд бүгдийг идэх дуртай. Тиймээс л түүнийг "Гвинет Пэлтроугийн эсрэг хувилбар" хэмээн нэрлэдэг байна.
Ларри Кинг шоуныхаа үеэр Меган Марклд хандан феминистүүд түүнд, түүний гаднах төрхөөс хамааран таагүй ханддаг (тэрээр ханцуйгүй бариу даашинз өмссөн байсан юм) эсэхийг нь лавлахад жүжигчин бүсгүй "Би өөрийнхөө хүссэн зүйлийг л өмсөнө. Феминист хүн эмэгтэйлэг байж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ?" гэж хариулжээ.
Хуучин нөхөр
Кейт Миддлтон хунтайж Уильямаас өмнө богино хугацаанд өөр залуустай болзож байсан ч энэ тухай ярих нь зохисгүйд тооцогддог аж. Кэтриний анхны найз залуу Оксфордын их сургуулийн төгсөгч, сурвалжлагч Уиллем Маркс гэх залуу бий. Тэрээр тэдний харилцааг хайр дурлалын гэхээсээ илүү нөхөрлөлийн шинж чанартай байсан гэж тодорхойлдог. Түүнээс гадна Кейт Руперт Финч гэдэг өмгөөлөгчтэй нэг жил хүрэхгүй хугацаанд болзож байсан ба Уильямтай болзож эхлэхээсээ өмнө салсан юм.
Харин Меганы өнгөрсөн амьдрал түүний паспорт дээр тэмдэглээстэй байдаг. Жүжигчин бүсгүй 2011-2014 оны хооронд продюсер Тревор Энгэльсонтой гэрлэж байжээ. Тэд гэрлэлтээ батлуулахаас долоон жилийн өмнөөс болзож эхэлсэн байна. Тэд хуримын ёслолоо Ямайкад хийсэн бөгөөд сүйт бүсгүй гэрлэх үедээ хөл нүцгэн элсэн дээр алхаж байсан гэдэг. Меган Маркл 2011 онд "Suits" цувралын зураг авалтанд оролцохоор Лос-Анжелес хотоос Торонто руу нүүсэн юм. Хосууд хоёр жил тусдаа амьдарсны эцэст салахаар шийджээ. Гэхдээ Энгельсон салалтынхаа талаар одоо хүртэл мартаагүй бололтой. Учир нь тэрээр хунтайжтай болзохын тулд нөхрөө орхиж байгаа нэгэн бүсгүйн тухай инээдмийн кино хийх гэж байгаа гэдгийг Deadline вебсайт мэдээллэсэн юм. Харин энэ талаар Меган ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Меган Марклын Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагын дараа нэгэн сэтгүүлч хааны гэр бүл нөхрөөсөө салсан эмэгтэйг хүлээн авах боломжгүй байдаг тухай дурджээ. Гэсэн хэдий ч зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хунтайж Харри өөрийн найз бүсгүйг аль хэдийнэ хатан хаантай танилцуулсан гэж мэдээллэж байна. Сонирхуулахад хунтайж Уильям Кейт Миддлтонтой анх танилцсанаасаа таван жилийн дараа л түүнийг эмээтэйгээ танилцуулж байжээ.
Стиль
Кейт Миддлтон тодорхой хэмжээ хязгаартай бөгөөд дэгжин хувцасладаг нэгэн. Кейт Mulberry ба Longchamp брэндийн сонгодог цүнх, Russell & Bromley, LK Bennet-ийн туфли, Reiss, Hobbs ба Whistles брэндийн өвдөгнөөс доогуур урттай, даруухан загвартай даашинзууд өмсдөг. Тэгвэл Меган Маркл Кембрижийн гүнгийн авхайгаас илүү зоригтой хувцасладаг. Тухайлбал тэрээр Paige брэндийн уранхай жийнс, Marc Jacobs-ын өнгө, өнгийн цүнх, J. Crew брэндийн куртка, мөн Rough & Tumble гэх залуу брэндийн эд зүйлс худалдан авдаг байна. Хэрэв Меган өвдөгнөөс доогуур урттай юбка өмссөн тохиолдолд энэ нь заавал бие барьсан, арьсан материалтай байх болно. Яг л түүний Канадын Reitmans худалдааны төвтэй хамтран гаргасан цуглуулга шиг. Ингээд ч зогсохгүй жүжигчин бүсгүй "Suits" цувралын эхний улиралд нүцгэлэх хэрэг гарсан юм. Харин энэ нь хааны гэр бүлийн имижтэй огтхон ч уялдахгүй байгаа билээ (Хэрэв хунтайж Харригийн зүггүйтлүүдийг тооцохгүй бол шүү дээ).
2015 онд Кейт Миддлтон ихэнх эмэгтэйчүүдийн сэтгүүлийн нүүрэнд гарах үед тэр яг л хааны гэр бүлд байгаа ч бидний нэг мэт санагдаж байв. Түүнийг хүмүүс халуун дулаанаар хүлээн авахад Кейт нэгэн хэвийн үг, инээмсэглэлээр хариулдаг байсан юм. Тэрээр өдөр бүр хааны ордны спорт зааланд хичээллэж, өөрийн биеийн галбирт анхаарал хандуулж, Их Британид үйлдвэрлэсэн органик хүнс хэрэглэдэг. Кейт аль эртнээс л дарснаас татгалзжээ. Учир нь дарс шимэх нь түүний дүр төрхөд нийцэхгүй байсан юм. Гэхдээ өөрийн сонирхол ба гаднах төрхийг олон нийтийн үзэл бодолд тохируулан "засах" нь Кейт Миддлтонтой хамт моодноос гарчээ. Үүний оронд өөрийгөө хайрлаж, зоригтой байж, йогийн хичээлийн дараа амттай йогурт идэх цаг үе ирээд байна. Харин энэ бүгдийг л Меган Маркл сурталчилж байгаа юм.