Тильда Суинтон “Parasite” киноноос сэдэвлэсэн цувралд тоглоно
Тэрээр өмнө нь ч Бон Жун Хо найруулагчтай хамтарч байсан удаатай билээ
2020 оны Оскарын наадмын гол шагналуудыг түүсэн Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун Хогийн "Parasite" киноноос сэдэвлэсэн цувралыг HBO суваг бүтээхээр болсон тухай бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл одоо NME сэтгүүл жүжигчин Тильда Суинтон тус цувралд гол дүр бүтээх болсныг мэдээллээд байна. Эх сурвалжуудын ярьж буйгаар Тильда Суинтон "Parasite" киноны Чун Сокын дүрийг бүтээхээр болжээ. Түүнчлэн жүжигчин Марк Руффало төслийн гол дүрээр тодроод байгаа юм.
Сонирхуулахад жүжигчин Тильда Суинтон нь Бон Жун Хо найруулагчийн "Snowpiercer", "Okja" кинонуудад хамтарч ажиллаж байсан туршлагатай билээ.
HBO сувгийн "Parasite" цувралыг кино найруулагч Адам Маккей (Vice) Оскарын шагналт Бон Жун Хотой хамтран бүтээхээр болсон байна. Одоогоор энэхүү төсөл нь 5-6 ангитай богино цуврал болно гэж төлөвлөгдөж байгаа бөгөөд үйл явдал нь киноны үргэлжлэл эсвэл шинэчлэгдсэн хувилбар болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Бон Жун Хогийн алдарт бүтээлийг дахин хийх эрхийг авахын төлөө Netflix стриминг тавцан өрсөлдсөн ч HBO-д ялагджээ.