Хайх

Улаанбаатарт байгаль орчноо хамгаалахыг уриалсан орчин үеийн балетын тоглолт болно

Улаанбаатарт байгаль орчноо хамгаалахыг уриалсан орчин үеийн балетын тоглолт болно

“Амьдралыг Тэтгэгч –H2O” тоглолт арванхоёрдугаар сарын 14-нд

Text: Ө.Тодгэрэл


Сүүлийн үед байгаль орчноо хамгаалах, хадгалж үлдээх санаачилгыг дэлхий нийтээрээ гаргах болсон. Энэ нь хүн бүрийн дор бүрдээ тунгаах учиртай, өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулах хэрэгтэй чухал асуудал маргаангүй мөн юм. Үүнтэй холбогдуулан эрдэмтэд, философичид, сурган хүмүүжүүлэгчид төдийгүй уран бүтээлчид ч бас хүмүүний эко системд хандах хандлагыг эерэг тал руу өөрчлөх зорилгоор төрөл бүрийн төслүүд хэрэгжүүлж байна.

Тэр дундаа бүжгийн урлагаар дамжуулан байгаль орчны асуудлыг үзэгчдийн сэтгэлийн гүнд хөндөх анхны санаачлагуудын нэгийг Монгол-Америкийн балетын хөтөлбөр тун удахгүй Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж байна. Тодруулбал тэд арванхоёрдугаар сарын 14-нд Corporate Convention Center-д "Амьдралыг Тэтгэгч -H2O" гэх залуу бүжигчдийг хамруулсан орчин үеийн балет бүжгийн тоглолт зохион байгуулах юм. Хөгжим Бүжгийн Коллежийн сонгодог бүжгийн ангийн 20 орчим оюутан АНУ-ын Колорадо Балетын Академийн зуны эрчимт сургалтанд сүүлийн 6 сарын турш хамрагдан хөтөлбөрөө дүүргэж Монголд анхны тоглолтоо толилуулах гэж буй нь энэ аж.

Хамгийн гол нь залуу бүжигчид ердийн нэг тоглолт хийх биш, харин үзэгчдэд хүрээлэн буй орчноо хамгаалах үүргээ эргэн санахад тусалж, дэлхийгээ хамгаалахад хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулж болохыг биеэр илэрхийлэх урлагаар харуулах юм. Энэ удаагийн тоглолт усаа гамтай хэрэглэж, хэмнэх талаар ерөнхий сэдвийн дор зохиогдох бол "Монгол-Америкийн балетын хөтөлбөр" 2018 онд Агаар, Хөрс ба Хог Хаягдал гэх нэмэлт гурван сэдвээр цуврал тоглолт хийх төлөвлөгөөтэй байна.

Тоглолтонд Nomadic Ballet Production хамтран оролцох бөгөөд зохион байгуулагчид энэ төслийнхөө хүрээнд байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудаа таниулж, дэмжих болно.

Тоглолтын тасалбарыг www.ticket.mn вебсайтаас захиалах боломжтой.

 

цааш үзэх