Уолтер Вайт, Жесси Пинкмэн нар эргэн ирнэ
“Тэдний эргэн эрэлтгүйгээр цувралыг төгсгөх нь ичгэвтэр хэрэг болно биз дээ?”
IMDB-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралуудын жагсаалтын хоёрдугаарт бичигддэг “Breaking Bad” цувралын гол дүрүүд болох Уолтер Вайт, Жесси Пинкмэн нар “Better Call Saul” цувралын эцсийн буюу зургаадугаар бүлэгт эргэн ирэхийг хамтран бүтээгч Питер Гулд Variety-д өгсөн ярилцлагын үеэр мэдэгдлээ.
Гулд үргэлжлүүлэн “Цувралыг хийж эхэлснээс л хойш үзэгчид Уолтер Жесси хоёрыг эргэн ирэх үү гэж асууж байсан, бултаад байлгүй шуудхан хэлэхэд, тийм. Үнэнийг хэлэхэд сүүлийн бүлэгт бидний бэлдсэн олон зүйлсийн нэгээхэн хэсэг нь л байх болно” гэжээ. Тус цувралын нөгөө нэг хамтран бүтээгч Винс Гиллиган “Тэдний эргэн эрэлтгүйгээр цувралыг төгсгөх нь ичгэвтэр хэрэг болно биз дээ?” хэмээн Variety сэтгүүлд ярьсан байна.
“Better Call Saul” нь “Breaking Bad” цувралын үйл явдлаас зургаан жилийн өмнө эхлэх бөгөөд Уолтер Жесси нарын овсгоотой, сэргэлэн өмгөөлөгч Соул Гүүдмэний тухай юм. Шударга үнэний төлөө улсын өмгөөлөгчөөс хууль зүйн карьераа эхэлсэн тэрээр хэрхэн өөрчлөгдөж, хар тамхины картелийн өмгөөлөгч болж буй нарийн ньюансыг харуулах гэмт хэргийн драма бүтээлийн сүүлийн бүлгийн эхний хэсэг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр цацагдах бол удаах хэсэг нь долоодугаар сарын 11-нд гарах юм байна.