Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд хэрхэн хувирсныг харцгаая
"Spencer" кино
Найруулагч Пабло Ларраины бүтээсэн "Spencer" киноны анхны зураг цахим ертөнцөд цацагдлаа. Энэхүү киног найруулагч Пабло Ларраин Диана гүнжийн таалал төгссөний 25 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд тус бүтээлд Уэльсийн гүнж Диана болон хунтайж Чарльз нарын салалтын талаар дэлгэрэнгүй харуулах юм. Тодруулбал үйл явдал 1990-ээд оны эхэн үед хатан хааны гэр бүлийн Сандрингем эдлэн газар дахь зул сарын баярын үеэр өрнөх ба яг энэ мөчид Диана гүнж хунтайж Чарльзаас салах шийдвэр гаргаж байжээ.
Их Британийн ард түмний хайртай гүнжийн дүрийг жүжигчин Кристен Стюарт бүтээсэн байгаа. Киноны зурагт жүжигчин бүсгүй Диана гүнжтэй андуурахаар адилхан харагдаж байгаа юм. Түүний төрхийг "Anna Karenina", "Little Women" зэрэг алдартай бүтээлүүд дээр ажиллаж, Оскарын шагнал хүртсэн костюм дизайнер Жаклин Дюрран бүтээсэн байна. Харин киноны хөгжмийг Radiohead хамтлагийн гитарчин Жонни Гринвуд зохиожээ.
"Ихэвчлэн хунтайж гүнжийг олж эхнэрээ болгох санал тавьснаар бүсгүй хатан болдог. Гэхдээ энэ зөвхөн үлгэрт л гардаг. Харин хэн нэгэн хатан болохыг хүсэлгүй, өөрийнхөөрөө байна гээд яваад өгөхөд үлгэр хөл толгойгоо алддаг. Ийм шийдвэр гаргах нь үнэхээр амаргүй байсан байх. Яг энэ үйл явдал киноны гол цөм байх болно" гэж Пабло Ларраин шинэ бүтээлийнхээ талаар ярьсан байна.
"Spencer" кино 2021 оны намар хэвлэлийнхэнд зориулан нээлтээ хийхээр төлөвлөгдсөн бол Диана гүнжийн таалал төгссөний 25 жилийн ойгоор буюу 2022 онд үзэгчдийн хүртээл болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.