Женнифер Энистон ба Адам Сэндлер нар Netflix-ийн шинэ инээдмийн кинонд тоглоно
Нью-Йорк хотын цагдаа ба түүний эхнэрийн дүрд
Жүжигчин Женнифер Энистон ба Адам Сэндлер нар хамтран Netflix-ийн "Murder Mystery" гэх нэртэй инээдмийн шинэ кинонд тоглож байгааг Variety сэтгүүл мэдэгдлээ. Жүжигчин Адам Сэндлерийн хувьд энэ кино нь Netflix-д зориулан хийж байгаа түүний зургаа дах төсөл болж байна. Тэрээр өмнө нь "The Meyerowitz Stories", "The Do-Over", "The Ridiculous 6", "Sandy Wexler", "The Week Of" гэх зэрэг бүтээлүүдийг хийж байсан юм. Харин Женнифер Энистон анх удаа Netflix-тэй хамтарч байгаа билээ.
"Murder Mystery" киноны үйл явдалд Нью-Йорк хотод оршин суудаг нэгэн цагдаа ба түүний эхнэрийн тухай өгүүлнэ. Хосууд Европ руу аялах бөгөөд тэд гэнэт нэгэн саятны аллагын хэрэгт гол сэжигтнээр татагдсанаар адал явдал эхэлнэ.
Эргэн сануулахад Женнифер Энистон ба Адам Сэндлер нар өмнө нь 2011 онд "Just Go With It" кинонд хамтран тоглож байсан туршлагатай. Энэхүү инээдмийн кино нь тухайн үедээ дэлхийн кино театруудаас 215 сая ам.доллар олж байсан юм.