Хэрэв “Game of Thrones” цувралын гол баатрууд бугуйн цаг зүүдэг байсан бол тэд ямар загвар сонгох байсан бэ?
Спойлероос болгоомжлоорой!
Хэдхэн хоногийн өмнө "Game of Thrones" буюу "Хаан ширээний тоглоом" цуврал Emmy шагнал гардуулах ёслолоос шилдэг цуврал шагналыг хүртсэнээр шүтэн бишрэгчдийн дунд дараагийн улирлын тухай янз бүрийн шинэ таамгууд дэгдэж, дэлхий ертөнц энэхүү цувралаар дахин "амьсгалж" эхлээд байна. Харин энэ хооронд бид уран сэтгэмжээ ашиглан гол баатруудад Rolex брэндээс бугуйн цаг сонгож өглөө. Ингээд Дейенерис Таргариен, Серси Ланнистер, Жон Сноу болон бусад гол дүрийн баатруудад ямар бугуйн цаг тохирох байсныг олж мэдэцгээе.
Серси Ланнистер-Pearlmaster 39
Зохиолч Жорж Р.Р.Мартины бүтээсэн ер бусын ертөнцийн хамгийн чинээлэг, хүчирхэг, эртний гэр бүл болох Ланнистерынхан мэдээж хэрэг хамгийн тансаг бүхнийг эдэлж хэрэглэдэг уламжлалтай. Тэдний толгойлогч, Долоон хаант улсын хатан хаан Серси Ланнистерт ч онцгой зүйл хэрэгтэй. Тухайлбал Rolex брэндийн Pearlmaster 39 гэх тансаг загвар зөвхөн түүнд зориулагдсан мэт бүтээгджээ. Эх бие нь 18 каратын Everose ягаан алтаар бүрхэгдсэн, очир-эрдэнэ, индранил, бадмаараг үнэт чулууны сонголттой Pearlmaster 39 загвар нь улаан дарс шимэх зуураа далд явуулга боловсруулдаг хүчирхэг "Алтан хатны" бардам зан, тансаг амьдралын хэв маяг, гоо үзэсгэлэнг илтгэх болно.
Шөнийн хаан-Oyster Perpetual Day-Date 40 Ice Blue Dial
Бид энэхүү жагсаалтаасаа цувралын бас нэгэн чухал дүр болох "White Walker"-уудын толгойлогч, Шөнийн хааныг хасаж чадсангүй. Ялангуяа цувралын үйл явдал түүний эргэн тойронд өрнөж байгаа энэ үед. Олон мянган зэрлэгүүдийг хөнөөж, цагаан үхдэлүүдийн арми бүрдүүлж, Висерионыг мөсөн луу болгон хувиргасан гээд түүний гавьяаг тоолж баршгүй. Ямартаа ч бид түүнд тохирох төгс бугуйн цагийг олсон байгаа. Мөсөн цэнхэр нүүртэй Rolex Day Date загвар түүний нүдний өнгийг улам бүр тодотгож өгнө гэдэгт бид үнэхээр итгэлтэй байна.
Грейжой удмынхан- Sea Dweller
Төмөр арлуудыг захирдаг Грейжойн гэр бүл далайд ч мөн ноёрхлоо тогтоосон байдаг. Живсэн бурхан буюу далайн сахиусыг тахин шүтдэг Төмөр арлын иргэдэд Rolex брэндийн Sea Dweller загвар гарцаагүй таалагдана. Oystersteel гангаар хийсэн эх бие ба тас хар өнгийн нүүртэй шумбагчдад зориулсан Sea Dweller загвар нь 1,220м гүнд ус нэвтрэхгүй бөгөөд харанхуй орчинд дэлгэц дээрх тоонууд нь гэрэлтэж харагддаг онцлогтой. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг далайд өнгөрөөдөг ард түмэнд өөр юу хэрэгтэй гэж?
Жон Сноу-GMT Master II
Сүүлийн үед Умардын хаан Жон Сноу тогтмол аялах шаардлагатай болсныг үзэгчид мэдэж байгаа биз ээ. Түүний энэ хэрэгцээнд Rolex GMT Master II загвар яг тохирч байгаа юм. Тухайлбал уг загвар нь нэгэн зэрэг хоёр цагийн бүс харуулах чадвартай бөгөөд Oystersteel гангаар хийсэн эх биетэй тул гадны нөлөөнд тэсвэртэй байдаг. Мөн Вестерост үлдсэн Валериан гангаар бүтээгдсэн цөөн сэлэмний нэгийг Жон Сноу эзэмшдэг байгаа. Тэгвэл зөвхөн Rolex брэнд л хамгийн хатуулаг гангаар бугуйн цаг урладаг тул Жон Сноугийн ховор Валериан сэлэмтэй Oystersteel ган хийцтэй энэхүү бат бөх бугуйн цаг төгс хослох болно.
Дейенерис Таргариен- Lady-Datejust 28
Луугийн эх, Таргариен удмын сүүлчийн төлөөлөгчдийн нэг Дейенерис төмөр сэнтийд суухын төлөө юу ч хийхээс буцахгүй бөгөөд замд нь саад болсон хэнийг ч бут ниргэнэ. Зорилгодоо хүрэхийн тулд "Unsullied" арми ба үнэнч дагагчидтайгаа далай гаталж, луун дээр мордож тив алгасан нисдэг үзэсгэлэнт бүсгүйд тансаг атлаа ямар ч эрс тэс уур амьсгал, гадны нөлөөнд тэсвэртэй бат бөх бугуйн цаг хэрэгтэй. Бүх цаг үед хуучиршгүй сонгодог загвартай Rolex-ийн 28 мм диаметртэй Lady-Datejust загвар нь Дейенерис Таргариены өмсдөг бүх костюмууд (зарим нь бүр хачирхалтай загвартай) дээр зохицоод зогсохгүй түүнийг Вестеросыг эзлэхэд тусална. Мөн тус цагны мөнгөн нүүр нь Луугийн эхийн мөнгөлөг өнгийн үстэй гайхалтай зохицно гэж бид бодож байна.
Rolex Mongolia
Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт