Алдартнуудаар хүрээлэгдсэн Fendi брэндийн Resort 2023 загварын шоу
Fendi загварын ордон It цүнхнүүдийн анхдагчдын нэг “Baguette” загварынхаа 25 жилийн ойг тохиолдуулан Resort 2023 цуглуулгаа Нью-Йорк хотноо танилцууллаа. “Энэ бол цүнх биш, харин baguette” хэмээх Кэрри Брэдшоугийн үг тус цүнхний алдар хүндийн эхлэлийг тавьсан гэдгээс улбаалан брэндийн бүтээлч захирлууд шоу зохион байгуулах газраараа Нью-Йорк хотыг сонгожээ.
Загварын шоунд Сара Жессика Паркер, Ким Кардашьян, Наоми Уоттс, Кейт Мосс, Эмбер Валетта болон бусад алдартнууд уригдан ирсэн бол тайзнаа Кейт Моссын охин Лайла Грэйс, 90-ээд оны домогт супермоделиудын нэг Линда Эванжелиста алхаж гэнэтийн бэлэг барьсан юм.
Fendi брэнд энэхүү цуглуулгаа Marc Jacobs, Tiffany & Co., SJP болон Porter брэндүүдтэй хамтран бүтээж, бүгд өөрсдийн гэсэн Fendi “Baguette” цүнхний хувилбараа харуулсан билээ. Тухайлбал, Tiffany & Co. дөрвөн сарын турш гар хийцээр урласан цагаан алт, очир алмаазан чимэглэлтэй “baguette” цүнхийг, харин Японы Porter брэнд илүү хэрэглээ талаас нь анхаарч хөнгөн, минимал загварыг урлажээ.