Buro 24/7 тойм: Jason Wu, pre-fall 2016
Гайхамшигтай эрин үе
Жейсон Ву цуглуулга гаргах бүрдээ урьд өмнөхөөсөө илүү гайхамшигтай загвар танилцуулж чаддаг нэгэн. Загварын ертөнцөд хос хүйсийн хувцас болон эрэгтэй, эмэгтэйн хүний хоорондох заагийг арилгах талаар их яригдаж байгаа ч дизайнер өөрийн гэсэн хэв маягаа алдалгүй ажилласаар л байна. Энэ удаагийн цуглуулгын төвд дахин нэг удаа тод гарч ирсэн эрэгтэй, эмэгтэй стилийн загварууд, тэдний хоорондын сөргөлдөөн байлаа. Цэцгэн хатгамалтай даашинз, зузаан ноос болон зөөлөн торго, хурц өнцөг ба гөлгөр дүрс гэх зэрэг олон зөрчилдөөн цуглуулгаас ажиглагдлаа. Ерөнхийдөө ямар нэгэн шинэлэг санаа харин байсангүй. Гэсэн хэдий ч цуглуулгыг бүхэлд нь харахад өөлөх зүйлгүй болжээ.
Цуглуулгад хэд хэдэн сонирхолтой деталь бий. Тухайлбал зузаан саарал даавуугаар хийгдсэн загварууд нь цулгуй өнгөтэй биш, харин patchwork маягийн хээтэй байлаа. Яг л олон төрлийн даавууны өөдсөөр хийгдсэн мэт харагдана. Нэг хэсэг давуу дээр хөндлөн зураас, зарим хэсэгт галууны хөл, нөгөө хэсэгт амьтдын дүрс, үлдсэн талбайд олон төрлийн хэмжээтэй дөрвөлжин хээ хэвлэгджээ.