Бюро 24/7 тойм: Valentino, resort 2018
Торгон материалаар хийгдсэн спорт хослол
Өнгөрснийг орчин үед хөврүүлэх аргачлалыг Valentino загварын ордон нэг биш удаа хэрэгжүүлж ирсэн. Дизайнер Мария Грация Кьюри брэндээс гарсан ч энэхүү уламжлал нь хэвээр үлджээ. Хэрвээ өмнөх улирлуудад Valentino-гийн хос бүтээлч захирал Итали улсын түүхээс сэдэвлэсэн загварууд гаргадаг байсан бол, саяхнаас брэндийг бие даан авч яваа Пьерпаоло Пиччоли 1980-аад оны урлаг ба поп соёлыг хослуулсан, илүү орчин үеийн хувцаснууд танилцуулж эхэллээ.
Харин энэ удаагийн цуглуулгын үндсэн сэдвээр "old-school" хип-хоп урлаг тодорсон байна. Ингэснээр цуглуулгад торгон материалтай спорт хослол, урт хоолойтой богино даашинз болон ретро маягийн цахилгаантай цамц багтжээ. Гэхдээ мэдээж хэрэг цуглуулга бүхэлдээ спорт уур амьсгалтай байсангүй. Пиччоли өөрийн алдарт газар хүрсэн урт даашинзыг онцолж, цуглуулгад тэнгэрлэг аяс нэмсэн харагдлаа.
Үндсэн элементүүд: Спорт хослол, газар хүрсэн урттай даашинз, тренч цув, хүрэм
Үс засалт ба нүүр будалт: Хайхрамжгүй үс засалт ба тод өнгийн нүдний контур
Үндсэн өнгөнүүд: Ягаан, цэнхэр, улаан, ногоон, улбар шар
Стилистик аргачлал: Спорт хослол ба үслэг хүрмийн нэгдэл, оймс ба сандаалын хослол
Аксесуар: Өсгийтэй сандаал, том хэмжээтэй ээмэг, аварга том хатгамалтай гар цүнх
Бүтээлч санааны эх үүсвэр: Get Down цуврал, хатгамал, эртний иргэншлийн урлаг