Chanel ордны шинэ цуглуулга дахь гол загвараар цагаан сорочка тодорчээ
Намар-өвөл 2020
Chanel брэндийн бүтээлч захирал Виржини Виар загварын ордны түүхийг судлан, архив дахь загваруудыг сэргээх ажлаа үргэлжлүүлэн, дизайнер Карл Лагерфельдэд хүндэтгэл үзүүлсээр байна. Тэрээр уламжлалын дагуу цуглуулгадаа твид материалтай жакет ба юбка, сувдан чимэглэл, сонгодог гар цүнхнүүдийг түлхүү оруулснаас гадна цагаан сорочкаг онцлох загвараар нэрлэн, төрөл бүрийн хувилбаруудыг нь танилцуулжээ. Хөвсгөр ханцуйтай, өдөн чимэглэлтэй, алтлаг гинжин оруулгатай зэрэг сонирхолтой хувилбарууд тайзнаа харагдсан юм.
Түүнчлэн цацагтай нимгэн цамцнуудыг дизайнер хажуу хэсгээрээ оноотой өргөн өмдтэй хослуулж, сувдан чимэглэлийг бүс байдлаар загварчлахыг санал болгож, Chanel 2.55 гар цүнхийг түлхүүрийн оосрын хэмжээтэй жижиг болгосон байлаа. Харин өнгөний хувьд хар-цагаан болон ягаан өнгөнүүд давамгайлжээ.