"Чарлигийн сахиусан тэнгэр" Люси Лью Alexander Wang брэндийн сурталчилгаанд
Орчин үеийн эмэгтэйчүүдийн хүч чадлыг харуулсан цуглуулга
"Charlie's Angels", "Why Women Kill" бүтээлүүдээрээ олонд танигдсан жүжигчин, продюсер, найруулагч Люси Лью Alexander Wang загварын ордны сурталчилгааны моделиор сонгогдсон байна. Тус зураг авалтын зурагчнаар модель Ирина Шейк болон Givenchy брэндтэй хамтран ажиллаж байсан Хежи Шин нар ажилласнаараа онцлог болжээ.
Урласан цуглуулгаараа дамжуулан загвар зохион бүтээгч Ванг хүчирхэг эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралыг харуулжээ. Тэр дундаа Ази эмэгтэйчүүдийн хүч, чадал, давуу талыг магтан дуулахыг зорьсон байна. Тэр ч утгаараа дизайнер маань энгийн л нэг материалуудыг орчин үеийн, зоримог загварууд болгон хувиргажээ. Жишээ нь, ажил хэрэгч гэгддэг хослол, тренч цув болон цамцыг хийхдээ рок стилийг баримталсан байна. Эдгээр загваруудаас гадна шинэлэг материал, силуэттэй пижама загвартай даашинз, нарийн детальтай классик хослол цуглуулгад багтжээ. Тэдгээрээс хуниастай ногоон өнгийн коктейль даашинз, хар цүнх болон атласан өндөр өсгийтийг загварын шүүмжлэгчид онцлоод байгаа юм.