Хайх

Москвагийн загварын долоо хоног дээрх онцлох 6 брэнд

Москвагийн загварын долоо хоног дээрх онцлох 6 брэнд

Хавар-зун 2022

Text: Buro.Mongolia


Аравдугаар сарын 19-23 хооронд Москвад Mercedes-Benz загварын долоо хоног амжилттай болж өндөрлөсөн билээ. Энэ жил 70 гаруй дизайнер шинэ цуглуулгаа танилцуулсан бөгөөд бид тэдгээрээс хамгийн сонирхол татсан зургаан брэндийг танилцуулж байна.

Gerda Irene

Gerda Irene брэнд гар аргаар хийсэн даавуу болон дахин боловсруулсан винтэж маягийн материалаар хувцас, аксесуаруудаа урладаг. Уг брэндийн бүтээгдэхүүний 60 орчим хувь нь гар аргаар хийгддэг ба бүгд ердөө ганц тоогоор худалдаанд гардаг юм. Брэндийн сүүлд гаргасан “Umbra” (Латин хэлнээс “хуурмаг”, “зохиомол”) хэмээх нэртэй цуглуулга нь өөртөө хар ба цагаан өнгө, бүтээлч хайчилбар, сүлжмэл оруулга, гоёлын хатгамал, деним зэргийг цогцлоожээ.

Jenesaq

Энэхүү брэнд өөрсдийнхөө гаргадаг хувцас болон гоёл, чимэглэлүүдийг удаан хэрэглээтэй байлгах үүднээс ашигладаг материалуудаа маш хатуу шилж сонгодог байна. Jenesaq брэнд одоогийн байдлаар бүх даавуугаа Токио хотоос зөөвөрлөн авч байгаа ч үүсгэн байгуулагчид нь элэгдэлд тэсвэртэй, сайн чанарын түүхий эд тун удахгүй ОХУ-д ч мөн худалдаалагдаж эхэлнэ гэж найдацгааж байгаа юм. Өөрийн гэсэн үзэл баримтлалаа хувцас болон аксесуараараа дамжуулан түгээдэг брэндийн шинэ цуглуулгад сюрриализм, Францын символизм, урлагийн гэнэн байдлыг илтгэсэн хээ, судалтай комбинзон ба цамцнууд багтжээ. Мөн даруу, зөөлөн өнгө бүхий цэвэр байгалийн гаралтай материалаар хийгдсэн торгыг гялалзсан хүрэм болон клеш өмдтэй хослуулсан нь бусдаас өвөрмөц, сонирхолтой харагдана.

Za_Za

Санкт-Петербург хотоос гаралтай Za_Za брэндийн дизайнер Александра Корякина-Николаева өөрийн урласан бүтээгдэхүүнүүдийн хэлбэр болон өнгөнд их ач холбогдол өгдөг нэгэн билээ. “Би бол шинэ ертөнц” хэмээн орчуулагдах шинэ цуглуулгаас дизайнерын энэ зан чанарыг харах боломжтой. Тус цуглуулгад цэцэг мэт хэлбэртэй малгай, тод шар болон ногоон өнгийн оруулгатай хувцас, төрөл бүрийн хачирхалтай хээтэй хувцаснууд орсон юм.

Innominate

Тус брэндийг 2014 онд Роман ба Александр хэмээх үеэлүүд үүсгэн байгуулсан байна. Innominate брэнд анх зөвхөн эрэгтэй хувцасны цуглуулга гаргадаг байсан ба Украины нэрт дуучин Иван Дорн, стилист Гоша Карцев гэх эрхмүүд уг брэндийн хувцсаар гоёдог байжээ. Харин 2019 оноос эхлэн эмэгтэй хувцасны цуглуулга дээр ажиллаж эхэлсэн байна. Хавар-зун 2022 цуглуулгад дизайнерууд брэндийн нэрийн хуудас болсон тайван өнгө болон тэгш шугамаас холдож, төрөл бүрийн өнгө, хээг танилцуулсан юм. Түүнчлэн сонирхолтой материалууд ашиглан зоригтой туршилтуудыг хийжээ. Жишээ нь “brocade” буюу алтлаг, мөнгөлөг хээтэй даавуугаар урласан хослол болон торгон бомбер олны анхаарлыг ихэд татсан юм. 

Sasha Gapanovich

Энэхүү эклектик хэв маягийн брэндийн ерөнхий дизайнер янз бүрийн өнгө, хээ болон том хэлбэр дүрснүүдийг хооронд нь хослуулах дуртай. Цуглуулга бүрт гар аргаар хийсэн нэхмэл хувцас, аксесуарууд багтсан байдаг нь ОХУ-ын, мөн манай орны хүйтэн улиралд төгс зохицох юм. Шинэ цуглуулгад төрөл бүрийн хийцтэй ноосон цамц, сүлжмэл даашинз, бариу өмд зэрэг загварууд оржээ.

Agatha Ænter

Agatha Ænter брэндийг 2018 онд дизайнер Агата Вострикова үүсгэн байгуулжээ. Уг брэнд нь цуглуулгууддаа байгаль ба технологийг илэрхийлэх шинж чанаруудыг цогцлоохыг эрмэлздэг байна. Хавар-зун 2022 цуглуулга дээр Агата будагч бодис ашигладаггүй, гар аргаар ноосон эдлэл урладаг Кавказын уран оёдолчидтой хамтран ажилласан юм.  

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх