Нью-Йоркийн загварын долоо хоног: Jason Wu, хавар-зун 2017
Гол үйл явдал ба чиг хандлагууд
Энэ улирлаас эхлэн ихэнх дизайнерууд уламжлалт загварын системээс татгалзаж, "see-now-buy-now" буюу загварын шоу дуусмагц цуглуулгыг худалдаанд гаргах концепц баримталж байна. Харин энэхүү шинэхэн давалгааны фон дээр хуучин системийн дагуу ажиллаж буй загварын ордууд бусдаасаа огцом ялгарч байгаа харагдана. Тэд цуглуулгаа зөвхөн зургаан сарын дараа борлуулж эхэлдэг хэвээр байгаа бөгөөд энэ нь ч брэндийн шүтэн бишрэгчдийн хүлээлтийг улам бадраасаар байна.
Уламжлалт үзэлдээ үнэнч үлдсэн брэндүүдийн нэг болох Jason Wu хавар-зуны цуглуулгаа зөвхөн дараа жил худалдаалж эхэлнэ. Канадаас ирсэн, Тайвань гаралтай, Мишель Обамагийн хайртай дизайнер Жейсон Вү хэлэхдээ, "Миний хувьд хурд тийм ч чухал биш ээ. Хамгийн гол нь улирал бүр өмнөхөөсөө илүү боловсронгуй загварууд гаргаж, цуглуулгаа хамгийн оновчтой үед олонд дэлгэж байх хэрэгтэй" хэмээн загварын шоуны дараа хэвлэлийнхэнд ярьсан байна.
Жейсон Вугийн шинэ цуглуулга түүний хэлсэн үгстэй бүрэн нийцэж, тухайн үеийн тренд гэхээсээ илүү мөнхийн сонгодог эмэгтэйлэг элементүүд дээр суурилсан байлаа. Шифон, торон нэхээс ба цэцгэн хээгээр баялаг загваруудаар гоёсон загвар өмсөгч Тейлор Хилл, Ясмин Вейналдум, Линейзи Монтеро ба Жулия Нобис нар яг л далайн эрэг дээрх тайван уур амьсгалтай хуримын гэрчүүд шиг харагдаж байлаа.