
Парисын загварын долоо хоногийн дүгнэлт: Гол загварын шоунууд ба чиг хандлагууд
Парисын загварын долоо хоногийн талаар таны мэдэх хэрэгтэй үндсэн мэдээллүүд
Үндсэн 5 загварын шоу
Jacquemus
Залуу дизайнер Симон Порт Жакмюс анх өөрийн ээж Валерид зориулан Jacquemus брэндийг үүсгэн байгуулж байсан бөгөөд хавар-зуны цуглуулгаа ч бас түүний нэрэмжит болголоо. Үүнээс гадна цуглуулгад бас нэгэн сэдэв ажиглагдаж байсан нь Симоны төрөлх нутаг болох Францын өмнөд хэсэг юм. Далд байдлаар тачаангуй хэв маяг цацруулсан, хагас гэрэлтсэн материалтай зуны даашинзууд, бага зэрэг замбараагүй эсгүүртэй цагаан цамцнууд, том бөөрөнхий хээтэй юбка ба аксесуарууд бүхэлдээ дизайнерын амьдралын түүхийг агуулж байлаа.
Saint Laurent
Энтони Ваккарелло Saint Laurent брэндийн гайхамшигт загварын шоуг Трокадеро талбай дээр, шөнийн гэрэлд асаж буй Эйфелийн цамхгийн фон дээр зохион байгууллаа. Загварын шоуны байршил уулга алдам үзэсгэлэнтэй байсан ч, үзэгчдийг хамгийн ихээр гайхшруулсан зүйл нь үнэндээ шинэ загварууд байсан юм. Дизайнер Saint Laurent брэндийн үүсгэн байгуулагч Ив Сен-Лораныг дурсаж, цуглуулгадаа архивын алдарт загваруудаас нэлээдгүй ихийг оруулжээ. 1970-аад онд шуугиан тарьж байсан намирсан урт хүрэм, 1980-аад оны Rive Gauche цуглуулгын атлас материалтай романтик цамцнууд, 1987 оны haute couture цуглуулгад багтсан тэмээн хяруулын өдтэй даашинзууд зэрэг нь Saint Laurent ордны тачаангуй, эрх чөлөөтэй, дэгжин стилийг дахин нэг удаа сэргээж өглөө.
Off-White
Off-White брэндийн хавар-зуны цуглуулга Диана гүнж ба түүний домогт стильд зориулагджээ. 1980-аад оны цэцгэн эсвэл судалтай хээтэй, өндөр захтай цамцнууд, урт бээлийнүүд, V энгэртэй бөмбөгөр ханцуйтай хүрэмнүүд, винтэж загварын жийнсэн өмднүүд зэрэг нь Sloane Rangers үеийн Дианаг төгс илэрхийлж байлаа. Загварын шоуг тэгш бус хэмтэй хослол ба латекс материалтай леггинс өмссөн Наоми Кэмпбелл хаалаа.
Céline
Шинэ мянганыханд таалагдаж, тренд хөөдөг бусад дизайнеруудын фон дээр Фиби Файло тун гайхамшигтайгаар ялгардаг. Дизайнер жилээс жилд үргэлж өөгүй цэмцгэр, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, орчин үеийн хүчирхэг эмэгтэйг чиглэсэн цуглуулгууд танилцуулж байгаа. Энэ улиралд ч бас тэрээр бидний урмыг хугалсангүй. Файло энэ удаад эрэгтэй хувцасны эсгүүрийг онцолж, сонгодог цув ба пальтоны загварууд дээр сонирхолтой туршилт хийсэн харагдлаа.
Louis Vuitton
Николя Гескьер Парисын загварын долоо хоногийг хааж, Луврын музей дотор загварын шоугаа зохион байгууллаа. Хүрээлж буй орчны түүхэн агуулга орчин үеийн хувцас загвартай нэгдэн ууссанаар цуглуулгад өнгөрсөн, одоо ба ирээдүйн сэдэв хөндөгдсөн байлаа. Хээ хатгамлаар баялаг урт хүрэм болон дэрвэгэр хормойтой даашинзаар гангарах дуртай эртний хааны удам угсааг төлөөлөх Лувр гэх энэ гайхамшигт газар нь Николя Гескьерийн бүтээлч санааны эх үүсвэр болж өгчээ.
Үндсэн 5 чиг хандлага
Хар-цагаан өнгө