Хайх

Парисын загварын долоо хоног: Chanel, хавар-зун 2017

Парисын загварын долоо хоног: Chanel, хавар-зун 2017

Цахим загвар

Text: Buro.Mongolia


Зураг:

Карл Лагерфельд энэ удаад өндөр технологи бүхий роботууд, кабел утас, дижитал график зэргээс санаа авч, тун зоримог цуглуулга танилцууллаа

Мөнхийн эрч хүчтэй Карл Лагерфельдын уран сэтгэмжид хязгаар гэж үгүй. Бараг улирал бүр Парисын Grand Palais ордонг ямар нэгэн сэдвээр хувирган өөрчилдөг тэрбээр энэ удаад өндөр технологийн хийсвэр ертөнц бий болголоо. Карл загварын шоу зохиогдох танхимыг аварга том дата төв болгон засч, кабел утас, холбоос, сүлжээс ба аж үйлдвэрийн соронзон хальсаар дүүргэсэн байлаа. "Энэ бол бидний амьдарч буй цаг үе юм. Эргэн тойрон дахь бүх зүйл ямар нэгэн байдлаар утсаар холбогдож, ачаалладаг болоод байна" хэмээн дизайнер шоуны өмнөхөн WWD сэтгүүлд хэлсэн юм.

Карл Лагерфельд өндөр технологийн сэдвийг цуглуулгадаа шингээхдээ голдуу өнгө өнгийн кабел утас ба дижитал дүрслэлээс урам авч ажилласан байна. Үүний үр дүнд тэр чихрэн туяатай олон өнгийн утаснаас бүрдсэн твид материалтай хослолууд, толгой эргэм хурц хээтэй даашинз ба пиджак танилцууллаа. Тэр мөн цахим ертөнцийн гол санааг нарийн хийцтэй дотуур хувцастай хослуулж, орчин үеийн шинэлэг шик төрх бүрдүүлсэн байлаа. Түүний энэхүү хоёр тэс хөндлөн сэдвийг зэргэлдээ байршуулах аргачлал нь үнэхээр гайхалтай харагдаж байсан юм. 1920 ба 1930-аад онуудыг илтгэх зөөлөн ягаан өнгөтэй slip даашинз, нарийн мөртэй сул топ, торон нэхээстэй богино шоорт зэрэг нь твид загваруудтай хосолж, маш дур булаам зөрчилдөөн үүсгэж байлаа.

Өнөөдрийн загварын ертөнц маш баялаг болсон. Бид бүх зүйл нэгэн зэрэг өрнөх боломжтой, тун завгүй цаг үед амьдарч байна. Яг л энэ санаа Chanel-ын шинэ цуглуулгаас мэдрэгдэж байсан юм. Цуглуулгад гялалзсан хатгамалтай твидээс эхлээд гоёмсог торго ба шифон хүртэлх олон төрлийн материалтай хослол ба даашинз, зуны уур амьсгалыг санагдуулам төрөлжсөн өнгөнүүд, том хэмжээтэй ээмэг ба хүзүүний зүүлт, саравчтай малгай, брэндийн алдарт цүнхнүүд гээд байж болох бүхий л элементүүд нэг доор цугларсан байлаа. Үүгээрээ Лагерфельд дахин нэг удаа өөрийн цар хүрээг харуулж, уран чадамжаа бататгалаа.

цааш үзэх