PFW: Dries Van Noten, хавар-зун 2016
Ретро хэв маягийн шинэ төрх
Ван Нотен бол өнгө ба хээнээс айдаг, түүнд болгоомжтой ханддаг дизайнеруудын нэг биш юм. Зөвхөн түүний сонгодог өнгөнүүд бусад дизайнеруудынхаас илүү нарийн бөгөөд гүнзгий байдаг онцлогтой. Түүний хавар-зуны цуглуулгад дахиад л олон цаг үеийн хэв маяг, бүтцүүд холилджээ. Үс засалт нь 1940-өөд оныг санагдуулж, хөхний даруулгууд 1950-аад оны загвартай болсон бол бусад хувцаснууд өөр өөр арван жилүүдийн шинж чанарыг шингээжээ.
Цуглуулгад дэгжин даашинз, хачирхалтай хэлбэрийн юбка, "өвөөгийн" пиджак, дөрвөлжин хээтэй өргөн өмд, торгон цув болон хослол, даашинзууд гэх зэрэг эртний эдлэлийн дэлгүүрээс гаралтай гэмээр загварууд орсон байгаа. Харин бэлхүүс дээр суудаг, хээтэй өргөн өмд болон топ, пиджакаас бүрдсэн хослол, хоолойтой цамц дээгүүр өмссөн хөхний даруулга гэх төрхүүд илүү орчин үеийн уур амьсгал нэмж байлаа.