Сансрын аялалд өмсөхөд зориулагдсан Louis Vuitton-ы resort 2022 цуглуулга
Louis Vuitton брэнд resort 2022 цуглуулгаа бүхэлдээ футуристик хэв маягтай бичлэгээр дамжуулан танилцууллаа. Бичлэгийн зураг авалт Парис хотоос 30 км зайд байрлах Сержи-Понтауз хот дахь архитектурын бүтээлч, шинэлэг шийдэл бүхий 3 км үргэлжлэх "Axe Majeur" хүрээлэнд болсон байна. Энэхүү газар нь Израиль улсаас гаралтай уран бүтээлч Дань Караваны оюуны бүтээл бөгөөд баригдаж дуустлаа нийт 30 жилийг зарцуулсан түүхтэй билээ.
Танилцуулга видеоноос ирээдүйгээр аялж байгаа мэт мэдрэмжийг авах бөгөөд цуглуулгад ч мөн адил Louis Vuitton-ы бүтээлч захирал Николь Жескьерийн зөгнөлт шинжлэх ухааны сонирхол нь шингэсэн байв. Тэрээр комик номуудыг санагдуулам гараг эрхэс, сансрыг дүрсэлсэн хээнүүдийг загварууддаа түлхүү оруулж дийлэнх даашинз, өмд, хүрэмнүүдээ винил материалаар урласан байлаа. Жескьер эдгээр загваруудаа сансрын аяллаас сэдэл аван бүтээсэн ба сагсны талбай, урсдаг шат болон зам дагуу байрлах зочид буудлуудыг өөр гарагийн газар нутагт байгаагаар дүрслэн харуулжээ. Түүнчлэн өдөөр чимэглэсэн топ, юбка, дисконы гэрэл шиг гялалзсан үдшийн даашинзаар дамжуулан цуглуулгын төлөв байдлыг илэрхийлсэн байна. "Энэ бол маш эерэг, баяр баясгалантай цуглуулга билээ. Би цаашдаа хүмүүсийг ертөнцийн нөгөө захад аваачих маш олон төслүүдийг хэрэгжүүлэх болно" хэмээн Louis Vuitton загварын ордны бүтээлч захирал Николя Жескьер resort 2022 цуглуулгынхаа болон ирээдүйд хэрэгжүүлэх ажлынхаа талаар онцолсон юм.