Сентрал Тауэр дахь Burberry брэндэд ямар шинэ загварууд ирсэн бэ?
Шүүгээгээ шинэчлэхийг хүссэн хүмүүс анхаарлаа хандуулаарай
Тренч цув, дөрвөлжин шоо хээ гээд нэг үгээр сонгодог бүхний илэрхийлэл болсон Burberry үргэлж л нэр хүндтэй, шилдэг брэндүүдийн нэг байсаар ирсэн ч, яг одоо брэндийн эргэн тойронд олон сэтгэл хөдөлгөм зүйлс өрнөж, урьд өмнөхөөсөө илүү хүчтэй байна. Учир нь дизайнер Рикардо Тиши Burberry брэндийн бүтээлч захирлаар томилогдсоноор брэндийн өнгө төрх, дизайны чиглэл гээд хэд хэдэн зүйлсэд шинэчлэлт хийж орчин үеийн, cool, дэгжин, этгээд загваруудаар дүүрэн хэн бүхний хүсэмжит брэндийг бий болгоод байгаа билээ. Нэг үгээр бол брэндийг дан ганц сонгодог гэх үгээр илэрхийлэх аргагүй болжээ.
Тэгвэл бид урин дулаан цаг ирж буйг тохиолдуулан шүүгээгээ шинэчлэхийг хүссэн хүмүүст санаа өгөх үүднээс Сентрал Тауэр дахь Burberry-гийн бутикээр зочлон, шинэ загваруудыг онцлохоор шийдлээ.
Z үеийн залуусаас эхлээд идэр насныхан гээд хэн бүхэнд зориулагдсан загварууд
Хэн бүхэнд зориулсан загваруудыг урлаж, тэнцвэртэй байдлыг хадгалахыг зорьдог Риккардо Тиши энэ удаа ч мөн төрөл бүрийн загваруудаас бүрдсэн баялаг цуглуулгыг урласан байлаа. Тухайлбал эрх чөлөөг эрхэмлэгч шинэ мянганыханд зориулан юүдэнтэй цамц, хэлхэгэр өмд, борооны цув, цахилгаан товчтой тренч цув зэрэг графитти хээ, том логогоор чимэглэсэн чөлөөт, streetwear загваруудыг урласан бол нөмрөг бүхий тренч цув, ширмэл оёдолтой хүрэм, тэйлор хослол, торгон алчуураар чимэглэсэн цамц, пончо нөмрөг, гинжин оруулгатай даашинз, морьтныг санагдуулам хослол зэрэг загварууд ажил хэрэгч идэр насныханд зориулагдсан ажээ.
Аксесуаруудыг бүтээхдээ ч уян хатан байдлыг чухалчилсан болох нь илэрхий байлаа. Жишээ нь ажил хэрэгч бүсгүйчүүдийн дунд алдартай Belt загварын цүнхийг том логогоор чимэглэсэн нь загварт cool, дэгжин уур амьсгал нэмсэн бол TB гар цүнх, Lola гинжин оосортой цүнх зэрэг шинэ загваруудыг брэндийн алдарт шоотой хээгээр баяжуулан сонгодог ба модерн хэв маягийг нэгтгэсэн байлаа.
Урлагийн бүтээл мэт хээ, элементүүд
Шинэ цуглуулгатай танилцах явцад бидний анхаарлыг хамгийн ихээр татсан зүйлс бол яахын аргагүй өвөрмөц хээ угалзууд болон хараа булаам чимэглэлүүд байсан юм. Зарим загваруудыг сармагчинг дүрсэлсэн хар зургаар чимэглэсэн нь этгээд сэтгэгдэл төрүүлсэн бол харин өөр бусад хувцас, аксесуарт 1970-аад оны ил захидал дээрх гэрэл зураг, 1800-аад оны "Сахиусан тэнгэрүүд" хэмээх уран зургийн хэсгээс оруулсан нь загваруудыг улам үнэ цэнэтэй, ахин давтагдашгүй болгожээ. Түүнчлэн амьтны хээтэй загварууд тренд болж буй энэ үед маш өвөрмөц хоёр хээг цуглуулгадаа ашигласан нь янзаганы эрээн цоохор хээ болон далматин үүлдрийн нохойн хээ байсан юм. Ийм төрлийн хээг зөвхөн Burberry брэндээс л олох боломжтой болов уу.
Мөн тэйлор хийцийн пиджакыг сүлбээрэн зүү мэт харагдах товч, зарим даашинзыг шигтгээгээр чимэглэж өгсөн нь загварыг өдөр тутам, хүлээн авалт гээд ямар ч үед өмсөхөд тохиромжтой болгож өгчээ.
Байгальд ээлтэй байдлыг ч орхигдуулсангүй
Шинэ цуглуулгатай танилцаж байх явцад бутикын зөвлөхүүд шинэ цуглуулга дахь зарим загваруудыг ECONYL® хэмээх ахин боловсруулсан нийлэг материалаар урласан гэдгийг онцлон хэлж байлаа. Загасны тор, далай тэнгис дахь хуванцар хаягдлыг ахин боловсруулан гаргаж авдаг ECONYL® нь эргээд байгальд шингэх явц нь хурдан ба ахин боловсруулалтад оруулж болдог ажээ.
Burberry Mongolia
Хаяг: Сентрал тауэр, 1-р давхар