Дуа Липагийн стилист дизайнер болохыг мөрөөдөж өдөржингөө MTV үздэг байжээ. Түүний талаар бид юу мэдэх вэ?
Танилцана уу, Лоренцо Позокко
Орчин үеийн хамгийн том поп алдартнуудын нэг Дуа Липа сүүлийн үед өөрийн уран бүтээл төдийгүй стиль имиджээрээ олны магтаалыг хүртээд байгаа билээ. Жишээ нь Valentino-гийн кутюр цуглуулгын цасан цагаан даашинз, Moncler Genius x Richard Quinn хамтарсан цуглуулгын хослол, мөн Raf Simons брэндийн анхны эмэгтэй цуглуулгын топ гээд дуучны сүүлд сонгосон төрхүүд бүгд загварынхны гол ярианы сэдэв болоод байгаа юм.
Телевизийн хөгжмийн сувагт ажилласан туршлага нь түүнд цаашид Трой Сиван, Col3trane болон All Saints гэх дуучидтай хамтран ажиллахад тусалсан байдаг. Тэрээр мөн Kenzo, Bulgari болон Stella McCartney нарын сурталчилгааг хийж байсан туршлагатай билээ.
"Би загварын зураг авалтуудад дуртай хэдий ч тэдгээр нь дууны клип болон алдартнууд шиг нөлөө ихтэй байдаггүй. Харин хувь хүнтэй ажилласнаар би өөрийн алсын хараа, гоо зүй, санаануудыг олон сая хүнд хүргэх боломжтой байдаг. Би MTV-гийн дууны клипүүдийг үзэж өссөн. Тэр клипүүд газар зүй, гарал үүсэл үл хамааран маш өргөн хүрээний хүмүүст нөлөөлж чаддагийг би сайн мэднэ" хэмээн Лоренцо хуваалцсан байна.
Лоренцо стайлинг хийхдээ дан ганц XX-р зууны сүүл үеийн поп соёлоос санаа авдаг биш харин үүний зэрэгцээ мөн сонгодог кино, ном, загварын архив болон улс орнуудын соёлоос бүтээлч санаа авч ажилладаг юм.
Эцэст нь Лоренцо стилист болох хүсэлтэй хүмүүст хандан нэг зөвлөгөөг өгчээ. Түүний онцолсноор стилистийн карьерээ хэн нэгний туслахаас эхлүүлэх хэрэгтэй гэнэ. "Мэргэжилтэн хүний ажлыг ажигласнаар сонгож буй карьерийнхээ сайн болон муу талуудыг бодитоор харж, нарийн зүйлсэд суралцдаг. Мэдээж стилист гэдэг нь дэлхийг өөрчлөх чухал ажил биш ч нэг төрхийг л бүрдүүлэхэд маш их хөдөлмөр, хүсэл тэмүүлэл шаардагдаж, ажилдаа үнэнч байх нь нэн чухал байдаг. Тиймээс энэ бүх зүйлд анхнаасаа бэлтгэлтэй байх хэрэгтэй".