Хайх

Питер Линдберг: “Надад эмэгтэй хүнийг бүтээ гэж хэлсэн. Би үүнийг л хийсээр ирсэн”

Питер Линдберг: “Надад эмэгтэй хүнийг бүтээ гэж хэлсэн. Би үүнийг л хийсээр ирсэн”

Германы агуу зурагчин Питер Линдберг таалал төгслөө. Түүний Хорватын Buro.-той хийж байсан ярилцлагын хэсгээс хүргэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Орчин үед дахин нэг супермоделиудын эрин үе тохиох боломжтой юу?

Үгүй ээ, огт боломжгүй. Тухайн үед жинхэнэ хувьсгал өрнөсөн. Орчин үеийн моделиуд маш үзэсгэлэнтэй хэдий ч тэдний хувьд сенсаац үүсгэнэ гэдэг боломжгүй зүйл. Бидний одоо супермодель гэж нэрлэдэг загвар өмсөгчид, ер нь өнөөгийн загварын бизнес тэр чигээрээ тухайн 90-ээд оны бүсгүйчүүдийн ачаар бий болсон гэж хэлж болно.


"Анна Винтур зургуудыг харсны дараа над руу залгаж ‘Би танд сэтгүүлийн нүүрийг, мөн хүссэн бүхнээ хийж болох 20 хуудсыг өгье' гэж хэлсэн"

Тэр хувьсал юунаас эхэлсэн юм бэ?

Би энэ түүхийг бараг сая удаа ярьж өгч байсан байх. Гэхдээ сэтгүүлч бүрд үргэлж шинээр ярьж өгөх хэрэг гардаг. Нэгэн удаа би Америкийн Vogue сэтгүүлийн редактор Александр Либермантай таарсан юм. Тэр надаас "Ямар асуудал байгаа юм бэ? Та яагаад бидэнтэй хамтарч ажиллахгүй байгаа юм бэ? Та биднийг хэн гэдгийг мэдэхгүй гэж үү?" хэмээн асуусан. Би тэгэхэд нээрээ л тэдэнтэй хамтарч ажилладаггүй, Vogue-д зориулж зураг дардаггүй байлаа. Би түүнд хариулахдаа "Би та бүгдийг сайн мэднэ ээ. Гэхдээ та нарын төлөөлдөг эмэгтэйн зургийг би дарж чадахгүй" гэж хэлсэн юм. "Ойлголоо, та хүссэн бүхнээ ав. Би танд сонголт хийх бүрэн эрх чөлөөг өгч байна. Та хүссэн редактороо урьж, хүссэн модельтойгоо хамтран ажилла! Та бидэнд юу хүсэж байгаагаа, мөн хамгийн гол нь Vogue бүсгүй ямар байх ёстойг харуул" хэмээн тэр хариулсан.

Харин би түүн дээр эргээд очихдоо Лос-Анжелест дарсан, энгийн цагаан сорочка өмссөн бүсгүйчүүдийн зургийг харуулсан юм. Либерман зургуудыг хараад "Би тэгээд энэ зургуудыг яах юм бэ?" гэж асуусан. Яг энэ асуултыг би Vogue-ийн ерөнхий редактор Грейс Мирабеллагаас ч мөн сонссон. Тэгээд тэд зургуудыг яасан гэж бодож байна? Бүсгүйчүүдийн толгойг хайчлан зургуудыг сурталчилгааны хэсгүүдийн хооронд байршуулсан байсан! Тэд ингэж л хувьсгалыг хажуугаараа өнгөрүүлсэн юм. Гэтэл тэр зургууд дээр дараан супермодель гэх өргөмжлөлийг хүртэх хэд, хэдэн бүсгүйчүүд байсан. Тэд тэдгээр загвар өмсөгчдийг олж харж чадаагүй.

Хэдэн сарын дараа Грейс Мирабелла ажлаасаа халагдаж түүний оронд Анна Винтур ирсэн байдаг. Үүнээс найман сарын дараа Анна санамсаргүй байдлаар тэдгээр зургуудыг олж хараад над руу татгалзахын аргагүй санал тавихаар залгасан: "Би танд сэтгүүлийн нүүр хуудсыг мөн хүссэн бүхнээ хийж болох 20 хуудсыг өгье". Яг л тэрхүү түүхэнд бичигдсэн зураг авалтаас супермоделиудын эрин үе эхэлсэн юм.

Танд хэзээ нэгэн цагт загварын гэрэл зургаас залхах магадлал байгаа болов уу?

Би яг "загварын" гэрэл зургаар мэргэшин ажилладаг гэж хэлж чадахгүй юм. Би хүмүүсийн болон абстракт загварын зургийг дарж байсан. Та миний архивтай танилцвал тухайн үед ямар чиг хандлага ноёрхож байсныг, эсвэл ямар эсгүүр, ямар өнгө моданд байсныг олж харахгүй л болов уу. Харин хүмүүсийн царайг олж харах байх.

Урлаг бол өөрийнхөө хувь хүний онцлогийг илэрхийлэх арга зам гэж та хэлсэн байдаг. Харин та зургуудаараа юу илэрхийлдэг бэ?

Миний бүтээлүүд нэг ёсондоо эмэгтэй хүнд хандсан захидал, хайраа илчилж буй үзэгдэл юм. 1998 онд надад "Эмэгтэй хүнийг бүтээ!" гэж хэлсэн байдаг. Тэр цагаас хойш би үүнийг л хийж байна даа.

Лиз Тилберис ба Анна Винтур гэх хоёр эмэгтэй таны карьерыг тодорхойлсон гэдэг. Хэнтэй нь хамтарч ажиллахад илүү хялбар байдаг вэ?

Энэ бол хоорондоо тэс ондоо хоёр түүх. Лиз Тилберисийг Harper's Bazaar-т редактораар ажиллахаар ирэхэд түүнд ашгийн төлөө хөөцөлдөх, сэтгүүл мөнгө олох ёстой гэсэн зарчим баримтлах шаардлагагүй байсан. Энэ утгаараа ч Лизд бүтээлч санаануудаа хэрэгжүүлэх бүрэн эрх чөлөө байсан. Үүнийг ч маш уран сайхны хэв маягтай сэтгүүлийн төрх байдлаас харах боломжтой. Харин Аннагийн ард үргэлж л сэтгүүлийн хэвлэн гаргагчид зогсож түүнээс санхүүгийн үр дүн, орлого хүлээдэг байсан. Тиймээс л Анна ийм зан араншинтай юм. Тэр үргэлж л юу хүсэж байгаагаа сайн мэдсээр ирсэн. Тэр Vogue-ийг супермаркетуудаар борлуулах атлаа зах зээлд байгаа хамгийн хүчирхэг сэтгүүл болгох ёстойгоо сайн мэддэг байсан юм. Бүх зүйл эхэлж байх үед Америкийн Vogue сэтгүүл Harper's Bazaar-ийн дэргэд яг л каталог шиг харагддаг байсан. Condé Nast, Hearst хоорондын дайн үргэлж байсаар ирсэн. Харин би үргэлж л хоёр галын дунд байсан.

Та өөрийн олон зургууд дээр тамхи дүрсэлсэн байдаг. Яагаад тэр вэ?

Тамхи татах нь тэдэнд таашаал авчирдаг болоод л хүмүүс тамхи татдаг. Бүх зүйл маш энгийн. Та бага зэрэг хана налан зурагчны урд зогсож байхдаа юу хийж байдаг вэ? Юу ч хийгээгүй байдаг. Харин ингэхдээ тамхи татвал танд тэнд зогсох шалтгаан байгаа гэсэн үг. Та өөрийнхөөрөө байж болно гэсэн үг. Орчин үед зураг авалтад тамхи хэрэглэхийг хориглодог болсон тул би моделиуддаа аягатай кофе өгдөг болсон.

Та өөрийнхөө бүтээлд шүүмжлэлтэй ханддаг уу?

Маш ихээр. Би өөр өөрийнхөө гол шүүмжлэгч. Намайг ажиллаж байх үед хэн ч надад юу ч хэлж чаддаггүй. Би тухайн процесс хэрхэн явагдаж байгааг үргэлж мэдэрдэг. Сайн уу, муу юу гээд.

Гэрэл зургаас өөр сонирхол танд бий юу?

Тийм ээ, би геополитикт маш сонирхолтой. Нэгэн үед би бас кино урлагт дурладаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам улам л кинонд сонирхолгүй болоод байна.

Эцэст нь асуухад, таны хувьд амьдралын хамгийн чухал зүйл юу вэ?

Сайн хүн байх нь. Хүмүүсийг өрөвдөх сэтгэлийг, энэрэл нигүүлслийг мартахгүй байх нь л чухал.

2013 онд нийтлэгдэж байсан ярилцлага.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх