Хайх

Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолитой хийсэн тусгай ярилцлага

Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолитой хийсэн тусгай ярилцлага

Интернэт таны мөрөөдлийг мартагнуулаагүй биз?

Text: Buro.Mongolia


Зураг:

“Интернет бидэнд бүх зүйл амархан бүтдэг мэт хуурмаг ойлголт нэвтрүүлж байна. Гэтэл бодит амьдрал дээр бүх зүйл эсрэгээрээ шүү дээ”

Valentino брэндийн талаар ярих үед бидэнд юуны түрүүнд уян зөөлөн хэв маяг ба романтик өнгө аяс бодогддог. Дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг болох Valentino-гийн хүний нөөцөд өөрчлөлт орж, бүтээлч захирал Пьерпаоло Пиччолигийн хамтрагч Мария Грация Кьюри Christian Dior луу шилжих үед Пиччоли Valentino-д зориулсан анхны бие даасан хавар-зун 2017 улирлын цуглуулгаа энэ аравдугаар сарын эхээр танилцуулсан билээ. Сэргэн мандалтын үеийн урлагт ухаангүй хайртай дизайнер Пьерпаоло Пиччоли анхны цуглуулгаа тун амжилттай танилцуулж, загварын шүүмжлэгчдээс олон тооны магтаал хүртэж, брэндийн хувь заяа найдвартай хүний гарт байгааг харуулсан. Тэр Valentino ордны бэлгэ тэмдэг болсон хэлбэр дүрсийг хээ хатгамал ба наалт маягийн чимэглэлүүдийн ачаар өөрчилж, дээд зэрэглэлийн ур чадвар гаргасан. Дизайнер мөн хуниастай элементүүд ба хагас гэрэлтэх материал ашигласнаар үлгэрийн мэт зөөлөн эсгүүр бүтээж, Valentino-гийн ид шидийн даашинзуудыг үргэлжлүүлэн бүтээж байгаа.

Арваннэгдүгээр сарын эхээр Valentino-гийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Москва хотод хүрэлцэн ирсэн юм. Тэр дунд брэндийн захирал Стефано Сасси ба бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли нар ч бас байлаа. Пьерпаоло хүрэлцэн ирсэн эхний өдрөө "Метропол" ба "ЦУМ" их дэлгүүрт байрших Valentino-гийн бутикүүдээр зочилж, "Valentino: Mirabilia Romae" гэх загварын ордны шинэхэн номыг танилцуулах зорилгоор шүтэн бишрэгчдэд гарын үсгээ тараасан байгаа. Бюро 24/7-гийн хамт олон ба Valentino-гийн уран бүтээлчид Кремлийн музейгээр зугаалж, Бюро 24/7-гийн ерөнхий редактор Олеся Ива бүтээлч захирал Пьерпаологоос ярилцлага авлаа.

Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолитой хийсэн тусгай ярилцлага (фото 1)

Итгэл найдварын талаар

"Орчин үеийн загвар, урлаг ба нийгмийн амьдрал популизмаас хэтэрхий хамааралтай болсон. Гэхдээ миний бодлоор энэ нь удаан үргэлжлэхгүй. Шинэ итгэл найдвар бий болж байгааг би харж байна. Хүмүүс шинэ ба зоригтой санаануудад бэлэн болсон. Нийгмийн хамгийн уламжлалт үзэлтэй хүмүүс хүртэл өөрчлөлтийг мэдэрч байгаа".

Сэтгэл хөдлөлийн талаар

"Орчин үеийн нийгэм маш их сэтгэл хөдлөлтэй болсон. Ухаалаг утас, компьютерын дэлгэц ширтсээр бид шинэ эмоци эрэлхийлэх болж байна. Түүгээр ч барахгүй бид аливаа зүйлд бүхий л сэтгэл зүрхээрээ автаж, ид шидийн мэдрэмж төрүүлэх бодит байдлыг хүсэмжилдэг болсон".

Олон нийтийн сүлжээ ба хуурмаг үзэгдлийн талаар

"Урьд өмнө нь бид зүрх сэтгэлээ сонсож, зөв мөрөөддөг байсан. Харин интернет гэдэг зүйл үүнийг үгүй хийж байна. Бид олон нийтийн сүлжээнд танихгүй хүний амьдралыг судалснаар үнэн хэрэгтээ өөрсдөө юу хүсч буйгаа мартаж, төөрөлдөж байна. Интернет бидэнд бүх зүйл амархан бүтдэг мэт хуурмаг төсөөлөл нэвтрүүлдэг. Гэхдээ бодит амьдрал дээр бүх зүйл эсрэгээрээ шүү дээ. Мөрөөдөл ба бодит байдал хоорондоо хамааралтай байдаг. Үзэсгэлэнтэй зураг эргүүлж, мөрөөдөлдөө автаж сууснаар та хэзээ ч хүссэндээ хүрэхгүй. Хамгийн гол нь бодит харилцаа үүсгэж, мөрөөдөл рүүгээ чиглэсэн алхам хийж эхлэх хэрэгтэй. Тэгээд ч олон нийтийн сүлжээ бодит байдлыг хэтрүүлэн харуулдаг. Үүнээс үүдээд хүмүүс үнэнийг мэдэхийг хүсч байна. Хэн нэгэн болж жүжиглэхийн оронд өөрөөрөө байсан нь үргэлж хамгийн зөв сонголт болдог юм шүү дээ. Дизайнерын хувьд хүний мөрөөдлийг ойлгож, тэдгээрийг нь цуглуулгадаа шингээж сурах нь маш чухал чадвар юм".

Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолитой хийсэн тусгай ярилцлага (фото 2)

Загварын талаар

"Загвар бол орчин үеийн нийгэм дэх хамгийн алдартай сэдвүүдийн нэг. Миний бодлоор энэ нь бүр арай хэтэрхий алдартай болчихсон ч юм шиг санагдах үе байдаг. Хүмүүс загварыг маш энгийн бөгөөд өдөр тутмын утгатай зүйл мэт хүлээн авдаг ч миний бодлоор загварыг ойлгохын тулд хүнд тодорхой хэмжээний оюуны чадвар, гүнзгий дүгнэлт хийх хүсэл шаардагддаг".

Загварын салбарт хэрхэн амжилтанд хүрч болох талаар

Загварын салбарт хэрхэн өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэх вэ гэж үү? Миний зүгээс өгөх хамгийн гол зөвлөгөө бол ирсэн санал болгонд зөвшөөрч болохгүй. Бусад зүйлстэй адилгүй, өөрийн гэсэн өвөрмөц санаануудыг олж ав. Бусдыг хуулбарлахаа боль. Загвар ба гоо сайханд хайртай сэтгэлээ, амжилтанд хүрэхийг хүсч буй хүсэл тэмүүллээ бүхлээр нь ажилдаа зориул. Өдөр бүр бүх сэтгэлээрээ, байгаа бүх чадлаараа ажилла. Загвар бол чухал бизнес, чухал урлаг.

Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолитой хийсэн тусгай ярилцлага (фото 3)

Би ажилдаа зориулсан өдөр бүхэнд хайртай байдаг. Загвар зохион бүтээгчийн гол үүрэг бол орчин үеийн гоо үзэсгэлэнгийн талаарх ойлголтыг гэрчилж, бодит зүйл болгох явдал юм. Дизайнеруудыг шууданчтай харьцуулж болно. Тэд өөрсдийн бүтээсэн хувцас ба дүр төрх бүрээрээ танд шинэ мэдээ хүргэдэг".

цааш үзэх