Хайх

Загварын ертөнцийн нууцыг дэлгэсэн шилдэг 10 баримтат кино

Загварын ертөнцийн нууцыг дэлгэсэн шилдэг 10 баримтат кино

Дизайнерууд, гэрэл зурагчид ба сэтгүүлчдийн тухай хамгийн сонирхолтой кинонууд

Text: Buro.Mongolia


Тун удахгүй дэлхийн том дэлгэцнээ «We Margiela» хэмээн нэрлэгдсэн домогт Maison Martin Margiela загварын ордны тухай баримтат кино нээлтээ хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан бид загварын ертөнцийн тухай өгүүлэх шилдэг баримтат кинонуудыг цуглуулж, та бүхний мэдлэг ба мэдрэмжийг баяжуулах универсал жагсаалт бүрдүүллээ. Загварын тухай өгүүлдэг утга зохиолууд олон бий ч, заримдаа загварын түүхийг шинжлэн дүгнэхийн тулд дүрс бичлэг зайлшгүй шаардлагатай болдог. Тиймээс Мартин Маржелагийн киног хүлээх зуураа эдгээр 10 бүтээлийг сонирхоод үзээрэй.

«Dior and I», 2014


Найруулагч: Фредерик Ченг


Раф Симонсын Christian Dior ордонд оруулсан хувь нэмэр аль хэдийнэ загварын түүхийн нэгэн хэсэг болсон бөгөөд ирээдүйн боловсролын номуудад бичигдэж үлдэх нь гарцаагүй юм. Дизайнер нэрийн брэнд дээрээ анхаарлаа төвлөрүүлэх үүднээс Christian Dior ордныг орхисон хэдий ч түүний энэхүү шийдвэрт брэндийн "галзуу" ажлын хуваарь багагүй нөлөө үзүүлсэн байдаг. Раф Симонс Dior ордонд хүрэлцэн ирсэн даруйдаа кутюр цуглуулгын бүтээлч ажилд шамдан орох шаардлагатай болсон нь түүний шахуу хуваарийн хамгийн тод жишээ юм. Хэвийн нөхцөлд брэндийн бүтээлч захирлууд кутюр цуглуулга дээр хэд, хэдэн сарын турш ажилладаг бол, Симонсд тухайн үед ердөө найман долоо хоног өгөгдсөн байдаг. Шинэ албан тушаал дээрх түүний эдгээр завгүй өдрүүдийг найруулагч Фредерик Ченг баримтат кино болгон хувиргасан нь загварын ертөнцийн талаарх шилдэг бүтээлүүдийн нэг болж чадсан билээ.

Netflix-ээр үзэх боломжтой.

 

«The September Issue», 2009

Найруулагч: Р. Ж. Катлер

Хэрвээ та загварын сэтгүүлд ажиллах нь яг л "The Devil Wears Prada" кино шиг хэмээн боддог бол уг киноноос харсан бүх зүйлээ мартах хэрэгтэй. Харин үүний оронд «The September Issue» баримтат киног сонирхоод үзвэл та үнэн зөв, бодит дүр зураглал олж харах болно. Америкийн Vogue сэтгүүлийн оны хамгийн томоохон бөгөөд хариуцлагатай есдүгээр сарын дугаар хэрхэн бэлтгэгддэг талаар өгүүлэх уг киноноос та салбарын хамгийн нэр хүндтэй сэтгүүлийн редакцтай танилцаж, өдөр тутмынх нь ажлыг олж мэдэх юм.

Netflix-ээр үзэх боломжтой.

 

«L'amour fou», 2010

Найруулагч: Пьер Торретон

Saint Laurent ордны бүтээлч захирлууд тогтмол солигдож, шинээр ирэх дизайнер бүр брэндэд өөрийн гэсэн тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг хэдий ч үүсгэн байгуулагч Ив Сен-Лораны нэрийг давж гарах хүн хэзээ ч гарч ирэхгүй л болов уу. Францын найруулагч Пьер Торретоны «L'amour fou» гэх бүтээл домогт дизайнерын хувийн амьдрал болон Пьер Бержтэй үүсгэсэн дотно харилцааны талаар өгүүлэх болно.

 

Absolutely Fashion: Inside British Vogue», 2016

Найруулагч: Ричард Мейсер

BBC телевизийн хоёр хэсгээс бүрдэх энэхүү баримтат бүтээлийг «The September Issue»-гийн Их Британи хувилбар хэмээн ойлгож болно. Өнгөрсөн жил Их Британийн Vogue сэтгүүл өөрийн 100 жилийн ойн баяртаа зориулж, анх удаа телевизийн зураглаачдыг редакцдаа урин авчирч, есөн сарын турш өдөр тутмын ажлаа камерын дуран доор явуулсан билээ.



«Diana Vreeland: The Eye Has to Travel», 2011

Найруулагчид: Лиза Иммордино Вриланд, Фредерик Ченг

Диана Вриланд бол домогт хүн юм. Та магадгүй түүний тухай олон төрлийн намтар, түүх болон мэдээлэл уншиж байсан байх. Түүний амьдрал яг л адал явдлаар дүүрэн роман мэт өгүүлэх зүйл маш ихтэй. Уг баримтат киног үзсэнээр та Вриландын ховор ярилцлагуудыг сонирхож, гэр бүл ба хамаатан садантай нь танилцаж, мөн хамгийн гол нь амьдралыг өөр өнцгөөс харах болно.

 

«McQueen and I», 2011

Найруулагч: Луиз Осмонд

Александр Маккуины тухай уран сайхны кино боловсруулалтын үе шат дээрээ явж байгаа энэ үед алдарт дизайнерын амьдралыг өгүүлсэн баримтат киног сонирхоод үзэхийг зөвлөж байна. «McQueen and I» бүтээлд дизайнертай хийсэн илэн далангүй ярилцлага, түүний төрсөн ах, найз залуу, найз нөхөд болон ажлын хамтрагчдаас нь авсан сонирхолтой сэтгэгдлүүд гардаг бөгөөд үүнийг үзсэний дараагаар та Маккуины ээдрээтэй дотоод ертөнцийг бага ч болов уу ойлгох болно.

Youtube-ээр үзэх боломжтой

 

«The True Cost», 2015

Найруулагч: Эндрю Морган

Аливаа зүйл хоёр талтай байдгийн адил загварын ертөнц ч бас үргэлж гял цал байдаггүй. Загварын салбарт үүсэх чиг хандлагууд маш хурдацтайгаар солигдож, тансаг зэрэглэлийн болон масс зах зээлийн брэндүүд худалдан авагчдын хэрэгцээг хангах үүднээс аль болох их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүний үр дүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд зориулагддаг зардал жил ирэх тусам багасч байна. Зардлаа хэмнэхийн тулд брэндүүд гуравдагч орнуудын үйлдвэрүүд рүү ханддаг бөгөөд тэдгээр үйлдвэрүүдийн ажлын нөхцөл байдал жил ирэх тусам дордож байна. «The True Cost» баримтат кино нь энэ бүх нөхцөл байдлыг бодитоор харуулж, загварын салбарын хамгийн сөрөг талуудыг чин үнэнээр нь илчлэх болно.

Netflix-ээр үзэх боломжтой.

 

«Valentino: The Last Emperor», 2008

Найруулагч: Мэтт Тирнайер

Валентино Гаравани өөрийн сүүлийн цуглуулгыг 2007 онд танилцуулсан байдаг. Сүүлийн 50 жилийн хугацаанд дизайнер загварын амьд домог болон хувирч, бүх цаг үеийн хамгийн агуу кутюр урлаачдын нэгээр тооцогдож ирсэн. Энэхүү баримтат кино нь Валентиногийн үлдээсэн өв удамшилд зориулагдсан бөгөөд түүний сүүлийн цуглуулга хэрхэн бүтээгдсэн тухай өгүүлэх юм.



«Helmut Newton: Frames from The Edge», 1989

Найруулагч: Эдриан Мабер

Хельмут Ланг 1936 онд нацистуудад эзлэгдсэн Берлин хотоос Итали улс руу оргож, тэндээсээ далайн гарцаар Сингапурыг зорьж, тус улсад хөрөг зураачаар ажиллаж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш Хельмут хэд, хэдэн удаа нүүн шилжсэн бөгөөд эцэст нь Парис хотноо суурьшиж, Францын Vogue сэтгүүлд ажилд орсон юм. Баримтат кино алдарт гэрэл зурагчны амьдралын түүхийг өгүүлж, түүний эротик ба загварлаг хэв маягуудыг хослуулсан бүтээлүүдийг дүгнэн шинжлэх болно.

Youtube-ээр үзэх боломжтой

 

«Iris», 2014

Найруулагч: Альберт Мэйслес

Загвар сонирхдог хүн бүр Айрис Апфелийн талаар сонсож байсан байх. Загварлаг эд зүйлс цуглуулагч, дизайнер ба загварын шүтээн Айрис Апфель Нью-Йорк хотноо 1921 онд төрсөн бөгөөд түүний эх бутик ажиллуулж, харин эцэг нь өөрийн гэсэн бизнес эрхэлдэг байжээ. Айрис залуу насандаа уран сайхны болон урлагийн шүүмжлэгч чиглэлээр хоёр дээд боловсрол эзэмшиж, карьерынхаа гарааг зураачийн туслах, интерьер заслын дизайнер болон Women's Wear Daily сэтгүүлийн ажилтан гэх албан тушаалуудаар эхлүүлж байсан юм. Өөрийн урт удаан болон баялаг амьдралынхаа туршид Айрис бүхий л салбарт өөрийгөө туршиж үзсэн хэдий ч түүнийг хүмүүс ер бусын стильтэй эмэгтэй гэдгээр нь түлхүү мэддэг билээ. «Iris» гэх энэхүү баримтат кино нь Апфелийн амьдралын тухай дэлгэрэнгүй өгүүлж, амьдралыг хэрхэн өнгөлөг, үзэсгэлэнтэй, сэтгэл хөдлөлөөр дүүрэн болгохыг зааж өгөх болно.

цааш үзэх