Залуу үеийнхэн яагаад хуурамч бүтээгдэхүүн худалдан авдаг, мөн үүнд хэн буруутай вэ?
Үнэтэй брэндүүдийн хуурамч бүтээгдэхүүнүүдээр элбэг болсон орчин үеийн зах зээл
«Оригинал зүйл худалдан авах нь утгагүй хэрэг мэт санагдах болсон» хэмээн Thrill Store дэлгүүрийн худалдан авагч Вадим хэллээ. «Каньегийн Life of Pablo маркийн куртка Thrill Store дэлгүүрт ойролцоогоор 190,000 төгрөгийн үнээр борлуулагддаг. Харин оригинал загвар нь Grailed гэх зэргийн албан ёсны сүлжээ дэлгүүрт 600 ам.доллараар үнэлэгддэг. Оригинал зүйл худалдан авах ямар ч утга алга. Хуулбарууд нь оригиналаасаа ялгагдахаа больсон шүү дээ».
Вадим бол Vetements, Yeezy ба Off-White гэх зэрэг үнэтэй брэндүүдийн Хятадад үйлдвэрлэсэн хуулбаруудыг худалдан авдаг Оросын олон арван мянган хайпбистуудын нэг юм. Хайпбистууд буюу бусдад сэтгэгдэл үлдээх үүднээс хамгийн сүүлийн үеийн трендийг өмсөх дуртай залуус юуны түрүүнд тансаг зэрэглэлийн гудамжны хувцас сонирхдог. Загварын уг чиглэлд одоогийн байдлаар Виржил Абло ба Демна Гвасалия нар хамгийн нэр хүндтэй байна. Хамгийн гол нь тансаг зэрэглэлийн гудамжны хувцас санал болгодог брэндүүд ардчилсан бус бодлогын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шинэ цуглуулгуудаа цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Ийм ч учраас eBay, depop ба Grailed гэх зэрэг вебсайтууд тус брэндүүдийн оригинал хувцаснуудыг тусгай програмын тусламжтайгаар хамгийн түрүүнд худалдан авч үнэд хүргэн борлуулдаг юм. Ийм системээр явсны дагуу ихэнх оригинал хувцаснууд анхдагч үнээсээ 200%-р илүү үнэлэгдэх тохиолдол цөөнгүй бий. Ингээд харахад хэрэглэгчид зуучлагчдаар дүүрсэн зах зээлээс залхаж, хуурамч бүтээгдэхүүн худалдан авахыг илүүд үзэх болсонд гайхах зүйл үгүй юм.
Ингээд л хайпбистууд AliExpress-ээс хуурамч бүтээгдэхүүн сонгодог болсон. Тансаг зэрэглэлийн гудамжны брэндүүд өөрсдийн худалдан авагчдынхаа золиос болсон гэж хэлж болно. Худалдан авагчид хэтэрхий өндөр үнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
«Болох ёстой зүйл болдгоороо л болсон. Савангийн хөөс дэлбэрсэн» хэмээн хуурамч бүтээгдэхүүнүүдийн тогтмол худалдан авагч Ваня хэллээ. «Гудамжинд өмсөх даавууны төлөө ийм зэргийн өндөр үнэ төлөхөд зөвхөн тэнэг хүмүүс эсвэл чинээлэг айлын өв залгамжлагчид л бэлэн байдаг байх. Гоша Рубчинский ч гэсэн миний бодлоор худалдагдсан. Тэр анх гудамжны залууст зориулсан хувцас хийдэг байсан ч түүний загварыг Канье өмсөж эхэлмэгц тэрээр чанга дуугарч эхэлсэн».
Энэхүү савангийн хөөс нь Монгол улсад саяхнаас дэлбэрч эхэлж байгаа. Ерөнхийдөө хамгийн анх АНУ-д дэлбэрсэн энэ хөөс нь бусад орнуудад ч бас ар араасаа дэлбэрч байна. АНУ-д аль жилийн өмнө үнэтэй брэндүүдийн өндөр зэрэглэлийн хуулбар санал болгодог байгууллагууд, вебсайтууд, нийгэмлэгүүд үүсч эхэлсэн. Тэдгээрийн ихэнх нь оригиналаас огтхон ч ялгагдахааргүй өндөр чанарын бүтээгдэхүүн гаргадаг. Тэр дундаа хамгийн алдартай нийгэмлэгүүдийн нэг бол FashionReps юм. Энд вебсайтын админууд хэрэглэгчид дунд тэмцээн зохиож, өндөр шагналын төлөө хэн нь хамгийн сайн чанарын хуулбар олохыг хардаг. Харин хэрэглэгчид TaoBao гэх зэрэг хятад вебсайтуудаас хайлт хийсний эцэст ийнхүү тэмцээнд оролцдог байна. Хэрэглэгчдийн бичсэн зүйлээс дүгнэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд Хятадын зах зээл дээр оригиналаас илүү өндөр чанартай хуурамч бүтээгдэхүүн гаргадаг олон үйлдвэрүүд бий болсон. Нөхцөл байдал ийм болсон үед үнэтэй брэндүүд тодорхой хэмжээний дүгнэлт хийж, ховор бөгөөд цөөн тоогоор үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүн гаргаснаараа ямар зах зээл бий болгосноо ухаарах хэрэгтэй байх.
Оригиналыг илүү өндөр үнээр дахин борлуулдаг хар зах зээлийг үгүй хийхээр шийдсэн анхны брэндүүдийн нэг бол adidas юм. Тэд вебсайтуудын ашиглах дуртай тусгай програмыг блок хийх зориулалттай шинэ технологи боловсруулж буйгаа Highsnobiety сэтгүүлд мэдэгдсэн. Харамсалтай нь ийм төрлийн санаачилга гаргаж байгаа брэндүүд одоогийн байдлаар тун цөөхөн байна. Vetements гэх зэрэг олон сая үнэнч шүтэн бишрэгчидтэй болсон брэндүүдийн хувьд тэдний барааг хэн ямар байдлаар худалдан авах нь тийм ч чухал биш шүү дээ. Хамгийн гол нь цуглуулга борлуулагдаж дууссан л бол өөр асуудал үгүй юм.
Гэхдээ эрэлт нь нийлүүлэлтээс их байгаа энэ үед хятад мэргэжилтнүүд улам бүр өргөжиж, үйлдвэрлэлтийн шинэ технологи боловсруулсаар л байх болно. Харин үүний үр дүнд бид Bape, Vetements, Fear of God, Off-White ба Yeezy гэх зэрэг брэндүүдийн хуулбаруудыг гудамжинд илүү их харж, оригиналыг хуурамчаас ялгахаа болиход хүрнэ. Магадгүй энэ тийм ч муу зүйл биш юм. Vetements-ийн хуулбар хувцаснуудын давлагаа хүчээ авах тусам Гвасалия ах дүүс ямар нэгэн шинэ чиглэл баримталж эхлэх ч юм бил үү?