Цэцэгчин залуус Fendi брэндийн шинэ цуглуулгад
Хавар-зун 2020
Fendi брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Сильвия Вентурини Фенди Милан хотын Вилла Реале хэмээх харшид шинэ цуглуулгаа танилцууллаа. Дизайнер Сильвия Вентурини энэ удаагийн цуглуулгаа кино найруулагч Лука Гуаданьинотой хамтран урлажээ. Найруулагч Лука Гуаданьиног бид "Call Me by Your Name", "Suspiria" кинонуудаар нь сайн мэдэх билээ. Сонирхуулахад Сильвия Вентурини болон Лука Гуаданьино нар эртний андууд бөгөөд загвар зохион бүтээгч түүний "I Am Love" болон "Suspiria" кинонуудад продюсераар ажиллаж байжээ.
Нар ээсэн цэцэрлэгт хүрээлэн, Рюичи Сакамотогийн уянгалаг аяс болон хөдөө тосгоны уур амьсгалаас сэдэвлэсэн ажилчин ангийг санагдуулам загварууд бүхэлдээ амгалан тайван уур амьсгал мэдрүүлж байлаа. Лука Гуаданьино шинэ цуглуулгад зориулан хүүхэд насны дурсамжаас сэдэвлэсэн абстракт шоон хээг бүтээсэн ба тэрхүү хээг ашиглан торгомсог нөмрөг, сорочка зэргийг урласан байна. Фенди цэцэг тарих дуртай нэгэн гэдгээ хэлсэн бөгөөд цуглуулгад цэцэгчнийг санагдуулам комбинзон, сагс, органза материалтай бээлий, панама малгай, олон халаастай хүрэм зэрэг практикт тустай загварууд оруулжээ. Түүнчлэн цэцгэн хээтэй сорочка, зөөлөн эсгүүртэй тэйлор хослол, нимгэн ноолууран цамц, цоолбортой кардиган, цайвар жийнсэн комбинзон зэрэг загваруудыг бүтээсэн байна. Хаки ногоон, цагаан шаргал, бор зэрэг завсрын өнгөнүүд давамгайлсан амьдралд ойр, практикт тустай загваруудаа танилцуулсны дараа дизайнер "Бидний байгаа орчин хэтэрхий хиймэл. Тиймээс байгаль дэлхийтэй холбогдож, ойр байхыг юу юунаас илүү их хүсч байна" хэмээн ярьсан юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт