Хайх

2024 оны Met Gala ёслолын сэдэв зарлагдлаа

2024 оны Met Gala ёслолын сэдэв зарлагдлаа

Text: Buro.Mongolia


Met Gala 2024 ёслолын хүрээнд Метрополитен урлагийн музейд зохион байгуулагдах ээлжит үзэсгэлэн нь загварын 400 жилийн түүхийг хөндөхөөр болжээ. Энэхүү арга хэмжээгээр 17 дугаар зуунд англичуудын өмсдөг байсан хатуу корсетны үеэс эхлэн Филипп Лим, Стелла Маккартни, Коннор Айвс зэрэг 21 дүгээр зууны суут дизайнеруудын бүтээлийг онцлох юм. Ингэхдээ дахиж өмсөх боломжгүй эмзэг, гоо үзэсгэлэнтэй, түүхэн ач холбогдолт 50 орчим загварууд үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэхээр болсныг Vogue мэдээллээ.


Met Gala хэзээ зохион байгуулагдах вэ?

Met Gala уламжлалт ёсоор тавдугаар сарын эхний Даваа гарагт Нью-Йорк хотноо зохион байгуулагдана. Энэхүү цагийн хуваарь нь 2005 оноос хойш мөрдөгдсөн ч 2020 оны Met Gala цар тахлын улмаас цуцлагдаж, улмаар 2021 онд хойшлогдон есдүгээр сард товлогдож байсан удаатай.

2024 оны Met Gala-гийн сэдэв юу вэ?

Тус арга хэмжээ нь “Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд: Загварын сэргэн мандалт” сэдэв дор явагдахаар болжээ. Ингэхдээ “нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд” гэдэг нь үзэсгэлэнд тавигдах дахиж хэзээ ч өмсөх боломжгүй турьхан загваруудыг илэрхийлж байгаа юм. Тэдгээр түүхэн ач холбогдолт бүтээлүүдийг харин видео анимейшн, хиймэл оюун ухаан, CGI болон бусад хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжлийн тусламжтай хүмүүст илүү гүн гүнзгий ойлгуулахаар бэлтгэсэн болохоо Vogue сэтгүүлийн редактор Люк Лич хуваалцсан байна.

2024 оны Met Gala ёслолын сэдэв зарлагдлаа (фото 1)

Met Gala гэж ер нь юу вэ?

Энэ бол 1995 оноос хойш Америкийн Vogue-ын ерөнхий редактор Анна Винтурын гардан зохион байгуулж буй хандивын арга хэмжээ юм. Хандивыг Метрополитен урлагийн музейн Хувцасны хүрээлэнд зориулан босгодог бөгөөд жил бүр найман оронтой үнийн дүн бүхий хөрөнгө цуглардаг гэдэг.

Арга хэмжээнд уригдсан зочид тухайн жилийнхээ дресс-кодын дагуу хувцаслах ёстой байдаг ба Met Gala-гийн улаан хивсний ёслол загварын салбарын өндөр ач холбогдолтой үдшид тооцогддог билээ.

2024 оны Met Gala ёслолын сэдэв зарлагдлаа (фото 2)

Met Gala дээр юу болдог вэ?

Товчхондоо энэ бол нууц. Арга хэмжээ “no phone, no social media” буюу утас, цахим орчноос ангид явагддаг. Гэвч 2017 онд зарим уригдсан алдартнууд угаалгын өрөөнд селфигээ авч нийтэлснээр энэхүү дүрэм эвдэгдэж байсан удаатай.

Met Gala-гийн хүрээнд юу болдог нь нэг бүрчлэн олонд ил болоогүй ч Рианна гэхчлэн өндөр зэрэглэлийн уран бүтээлчид үзүүлбэрээ толилуулж, зочид үзэсгэлэнтэй танилцаж, улмаар оройн зоог барьдаг талаар Vogue нийтэлж байсан.

2024 оны Met Gala ёслолын сэдэв зарлагдлаа (фото 3)

Met Gala-д хэдэн хүн оролцдог вэ?

Тус ёслолд дунджаар 600 зочин хуран цуглардаг уламжлалтай. 

2024 оны Met Gala ёслолын сэдэв зарлагдлаа (фото 4)

Met Gala-д хэн уригддаг вэ?

2023 оны Met Gala-г харах юм бол Рианна, Lizzo, Ким Кардашьян, Билли Айлиш, Мишель Йео, Эрика Баду гэхчлэн эрхмүүд оролцсон билээ. Тиймээс Met Gala-гийн зочдын жагсаалтад загвар, кино, дуу хөгжим, бизнес, спорт, энтертейнмент болон улс төрийн салбарын шилдгүүдийн нэр бичээстэй байдаг гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна дизайнеруудын дунд өөрсдийн урлагийн тэнгэр болсон хүмүүстэйгээ хамт ирдэг уламжлал тогтсон байна. Тухайлбал, Жереми Скотт модель Девон Аокитай хүрэлцэн ирж байсан бол Пьер Паоло Пиччьоли жүжигчин Флоренс Пьютэй, харин дизайнер Оливье Рустен дуучин Жереми Поупын хамт оролцож байсан юм.

2024 оны Met Gala ёслолын сэдэв зарлагдлаа (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх