Анхаарлын төвд: Аня Тэйлор-Жой жүжигчний загварын готик эрин үе
Ихэнх хүмүүс Netflix-ийн “The Queen’s Gambit” цувралын гол дүрээр нь мэдэх жүжигчин Аня Тэйлор-Жой загварын торгон мэдрэмжээрээ ч гэсэн олны анхаарлын төвд ордог. Барби хүүхэлдэйгээс сэдэвлэсэн бүхэлдээ ягаан өнгийн төрхөөс эхлэн ирвэсийн хээтэй ретро стилийн даашинз хүртэл сонгон өмсдөг тэрээр загварын төрөл бүрийн урсгал, хэв маяг хэрэгжүүлэхээс эмээдэггүй, яг л хамелеон гэсэн үг. Тэгвэл Аня сүүлийн үед бүрдүүлж буй төрхөөрөө дамжуулан түүний стилийн готик эрин үе эхэлсэн гэдгийг бидэнд харуулаад байна.
Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө тэрээр өөрийн тоглосон “The Menu” киноныхоо нээлтийн үеэр Alexander McQueen брэндийн тэгш бус хэмтэй цэнхэр өнгийн арьсан даашинз болон өнгө ижил урт бээлийгээр төрхөө бүрдүүлж готик хэв маягийн өнгөлөг хувилбарыг толилуулсан юм. Түүнчлэн Аня өчигдөрхөн зохион байгуулагдсан мөн л тус киноны нээлтэн дээр Dior загварын ордны хатгамлаар чимэглэсэн бөмбөгөр хормойтой хар даашинз, урт торон бээлий, өндөр өсгийт өмсөж, мөн нямбай гэгч нь боосон үсний засалт, час улаан уруул бүхий нүүрний будалт харуулж жинхэнэ готик стилийн шаазан хүүхэлдэйг амилуулаад авлаа. Үүнээс гадна Аня Тэйлор-Жой Vanity Fair-ийн үдэшлэгт Christian Dior-ын нэвт гэрэлтсэн тас хар өнгийн даашинз өмссөн төдийгүй нүүрнийхээ өмнүүр торон гивлүүр зүүж тус хэв маягийг 1940-өөд оны романтик өнгө аястай хослуулж чадсан билээ. Аня Тэйлор-Жойн эдгээр болон бусад төрхүүдийг харах тусам хурц шийдэмгий харц нь готик хэв маягийн нууцлаг атлаа тэрслүү шинж чанартай төгс уусаж, энэхүү урсгал түүнд л зориулагдан бий болсон мэт сэтгэгдэл төрнө.