Анна Делло Руссо өөрийн бүх үслэг хүрэмнүүдийг PETA байгууллагад бэлэглэлээ
Жинхэнэ үстэй хүрэмнүүдээ
Японы Vogue сэтгүүлийн бүтээлч зөвлөх ба редактор, street style од Анна Делло Руссо өөрийн шүүгээн дэх бүх үслэг хүрэмнүүдээ амьтдын эрхийг хамгаалах PETA байгууллагад бэлэглэжээ. Бидний өмнө мэдээллэж байсанчлан, хоёрдугаар сарын 24-нд Анна хувцаснуудаа Christie's дуудлага худалдаагаар дамжуулан зарж, үүнээс олсон нийт орлогоо Central Saint Martins их сургуулийн оюутнуудыг дэмждэг Swarovski-гийн нэрэмжит санд хандивлахаар шийдсэн билээ.
Харин дуудлага худалдааны талаарх мэдээлэл цацагдах үед PETA байгууллага Анна Делло Руссо руу захидал илгээж, жинхэнэ үстэй хүрэмнүүдээ зарахгүй байхыг гуйжээ. Анна үүнд зөвшөөрсөн хариу өгч, хэдийгээр дуудлага худалдаагаар орох загварууд аль хэдийн зарлагдсан ч үслэг хүрэмнүүдээ энэ төслөөс татан авч, PETA-д бэлэглэнэ гэдгээ мэдэгдсэн байна. "Түүний энэ шийдвэр орчин цагийг илэрхийлж байна. Одоо цаг үе өөрчлөгдсөн. Тэрээр энэхүү өөрчлөлтийг дэмжиж байгаад бид их баяртай байна" хэмээн PETA-гийн захирал Алисия Аллен сэтгэгдлээ хуваалцжээ.
PETA энэхүү бэлгэнд хүлээн авсан үслэг хүрэмнүүдийг сургалтын зорилгоор, мөн асрамж дахь өнчирсөн болон өвдсөн амьтдын орны дэвсгэр байдлаар ашиглах гэнэ.
"Загварын нийгэмлэг жинхэнэ үснээс татгалзаж байгаа. Би ч бас үүнийг дэмжиж байна. Миний дуудлага худалдаа зохиох болсон гол зорилго нь өөрийн загварын өв хөрөнгийг шинэ үеийнхэнд дамжуулан үлдээхэд оршиж байсан юм. Гэхдээ амьтдыг хайрладаг хүний хувьд би үслэг материалтай эд зүйлсээ PETA-д өгөх болсондоо сэтгэл их өндөр байгаа" гэж Анна Делло Руссо шийдвэрээ тайлбарласан байна.