Анна Делло Руссо өөрийн хувцаснуудыг 50 еврогоор зарж байна
Орчин үеийн загварын шилдэг архивуудын нэг таных ч болох боломжтой
Хэдхэн цагийн өмнө Америкийн Vogue сэтгүүл Анна Делло Руссогийн талаар нэгэн сонирхолтой мэдээ нийтэллээ. Тодруулбал Японы Vogue сэтгүүлийн домогт редактор, загварын бүтээлч зөвлөх Анна Делло Руссо өөрийн хувцаснуудыг маш хямд үнээр зарахаар шийджээ.
"Би үүнийг ашиг олохын тулд хийгээгүй! Би үүнээс мөнгө хүртэхийг хүсэхгүй байна. Энэ нь миний өв хөрөнгөө дамжуулж буй үйлдэл юм. Эд зүйлс ямар нэгэн зүйл илэрхийлж байх учиртай байдаг. Миний архив бол миний загварын цагаан толгой. Харин одоо би үүнийг шинэ үеийнхэнд дамжуулж үлдээмээр байна" хэмээн Анна өөрийн санааг тайлбарласан байна.
Энэ оны хоёрдугаар сарын 21 буюу Миланы загварын долоо хоногийн эхний өдөр Аннагийн өмсөж байсан 30 төрлийн иж бүрдэл хувцас Christie's дуудлага худалдаагаар зарагдах болно. Аннагийн хэлж буйгаар иж бүрдэл хувцас гэдэг нь хувцас, гутал ба аксесуаруудаас бүрдсэн "Хөлөөс толгой хүртэлх бүрэн төрх!" юм. Иж бүрдэл бүрийн эхний үнэ нь 50 евро байх бөгөөд загваруудыг эзэмшихийг хүссэн хүмүүс үнэ хаялцан, хоорондоо өрсөлдөнө. Харин дуудлага худалдаа дуусмагц Аннагийн архив дахь 150 иж бүрдэл хувцас Net-A-Porter онлайн дэлгүүр дээр тавигдах болно. Хувцасны шүүгээнийхээ зарим хэсгийг Анна хаалттай үдэшлэг зохион байгуулан, дотны хүмүүс, найз нөхдөдөө зарсан байгаа. Зарагдаж буй бүх хувцаснуудыг Анна Делло Руссо хамгийн ихдээ ердөө нэг л удаа өмсөж байсан юм.
Энэ төслөөс олсон бүх хөрөнгө Central Saint Martins их сургуулийн оюутнуудыг дэмждэг Swarovski-гийн нэрэмжит санд хандивлагдах болно.