Бүгдийг нь авмаар: Раф Симонсын анхны гутлын цуглуулгад багтсан бүх загварууд
Orion кет, Solaris туфли, Antei пүүз болон бусад
Саяхан гутлын брэнд гаргах болсон тухайгаа олон нийтэд зарласан дизайнер Раф Симонс гурван хоногийн өмнө нэрийн брэндийнхээ албан ёсны Instagram хуудсаар дамжуулан анхны Runner цуглуулгад багтсан бүх загваруудыг дэлгэлээ. Цуглуулгад нийт найман загвар орсон бөгөөд бүгд спорт уур амьсгал шингэсэн, минимал хэв маягаар хийгдсэн байна. Тэр дунд илүү дутуу чимэглэлгүй цэмцгэр "Orion" кет, балерина загварын "Solaris" туфли, футуристик дизайнтай "Cylon" гутал, төрөл бүрийн өнгөний сонголттой "2001" түрийтэй гутал, зузаан ултай "Antei" пүүз зэрэг төрөл бүрийн загварууд багтжээ.
Цуглуулга цагаан, хар, улаан, цэнхэр, нил ягаан ба оюу ногоон өнгөний сонголттойгоор гарсан ба ихэнх загварууд нь цагирган детальтай цахилгаанаар чимэглэгдсэн байна. Цуглуулга 2020 оны долоодугаар сард худалдаанд гарна.