Buro 24/7 Австрали нэг жилийн ойн баяраа тохиолдуулан сэтгүүл гаргалаа
#modernprovocateurs
Modern Provocateurs буюу "Орчин үеийн өдөөн хатгагчид" хэмээн нэрлэгдсэн сэтгүүлийн анхны дугаар салбар бүрийн чадварлаг, тоглоомын дүрмийг өөрчлөгч, шинээр сэтгэгч, зоригтой эрхмүүд дээр төвлөрсөн байна.
Сэтгүүлийн нүүр хуудсыг Австрали улсаас гаралтай, Louis Vuitton-ы сурталчилгаагаар олонд танигдсан ягаан үст Фернанда Ли чимж, харин үндсэн хуудаснууд дээр Мирослава Дума ба Vetements брэндийн үүсгэн байгуулагчид болох Демна ба Гуран Гвасалия нарын цоо шинэхэн ярилцлага, жуулчдын анхаарлыг ихээр татаад байгаа Сидней хотын авангард хэв маягтай, өвөрмөц рестораны дэлгэрэнгүй танилцуулга зэрэг олон сонирхолтой мэдээлэл оржээ.
Түүнчлэн энэ удаагийн дугаарт Лос-Анжелесын гудамжны урлагийг сонирхож болох газрууд, шилдэг ресторанууд, бусдаас содон жуулчдын хөтөлбөр санал болгодог байгууллагууд зэрэг хэрэгцээт мэдээллийг багтаасан хотын хөтөч нийтлэгдсэн байна. Харин сэтгүүлийн үлдсэн хуудаснууд дээрээс хамгийн сүүлийн үеийн загварын тренд, хүчээ авч буй хувцасны брэндүүд, гоо сайхны ертөнц дахь сонин хачин, мөн урлаг соёлын шинэ соргог мэдээг олж унших боломжтой юм.
Buro 24/7 Австрали сэтгүүл тавдугаар сарын 16-нд нээлтээ хийх бөгөөд анхны дугаарыг Mercedes-Benz Fashion Week Australia загварын шоуны үеэр, Westfield худалдааны төвд, мөн хотын зарим ресторануудаар үнэгүй тараах гэнэ.