Эди Слиман өөрийн гэсэн брэнд үүсгэн байгуулах зорилгоор хөрөнгө оруулагч хайж байна уу?
Тийм яриа байна
Эди Слиман Saint Laurent-аас гараад сар ч өнгөрөөгүй байна. Түүний ирээдүйн төлөвлөгөө одоогоор олон нийтэд тодорхойгүй байгаа хэдий ч загварын салбарынхан түүний тухай олон янзын цуу яриа тарааж байна. Зарим нэг нь түүнийг Chanel рүү явж, Карл Лагерфельдийн өв залгамжлагч болно хэмээн таамаглаж, харин бусад нь Слиманыг Dior-ын шинэ бүтээлч захирал болох магадлалтай гэж ярьж байсан юм.
Харин одоо бүгд Слиманы ирээдүйн тухай нэгэн шинэ онол дэвшүүлээд байна. Тэр саяхан Mayhoola компанийн төв оффисын орчим үзэгдсэн тул, дизайнерыг нэрийн брэнд үүсгэн байгуулах зорилгоор хөрөнгө оруулагч хайж явна хэмээн яригдах боллоо. Катар улсад оршдог энэ компани нь 2012 онд Valentino-г, 2014 онд Pal Zileri-г худалдан авч байсан бөгөөд түүний хажуугаар мөн Anya Hindmarch брэндийн хувьцааны нэгээхэн хэсгийг эзэмшдэг юм. Mayhoola түүнчлэн Оливье Рустены Balmain-ыг өмчлөх сонирхолтой байгаа гэнэ.