Уран зураг, нано технологиор баяжуулсан ГОЁО брэндийн шинэ цуглуулга
Сар шинийн баярт зориулсан
Урлагийн бүтээл, тансаг ноолуур хоёрын нэгдэл
Загвар ба дүрслэх урлагийн ертөнц хоёулаа гайхалтай. Гэхдээ жинхэнэ ид шид эдгээр хоёр ертөнц хоорондоо уусан нэгдэх үед тохиодог юм. Дэлхийн загварын түүхэнд алдартай зураачид ба загвар зохион бүтээгчид хамтран шинэ цуглуулга гаргаж, "Хувцас ч гэсэн дахин давтагдашгүй урлагийн бүтээл юм" гэдгийг баталсан туршлага олон байдаг. Пикассо, Дали, Яёи Кусама эсвэл Йоко Оногийн бүтээлийг эх хувилбараар нь эзэмших боломж хүн бүрт байдаггүй ч маш олон хүн өөрийн болгохыг хүсдэг шүү дээ. Тэгвэл дизайнерууд алдартай урлагийн бүтээлүүдийг шинэ цуглуулгадаа оруулж, хүндэт худалдан авагчиддаа бэлэг барьдаг. Яг ийм ховорхон боломжийг ГОЁО брэнд шинэ цуглуулгаараа дамжуулж хүмүүст хүргэхийг зорьжээ.
Дэлхийн хэмжээнд ур чадвар нь шагшигдаж буй зураач С.Заяасайханы бүтээлээс ГОЁО брэнд албан ёсны эрхтэйгээр ашиглан, Сар шинийн капсул цуглуулгын торгон материалтай загварууд дээр буулгажээ. Загвар, урлаг, технологи гурвын нэгдэл болсон энэ цуглуулгад С.Заяасайханы "Dream Horses" (2014), "Memory" (2015) бүтээлүүд чимэглэл болон орсон байна. Үндэсний хэв маягтай даашинз, хантаазанд орсон зургуудыг харахад энгийн атлаа эгэлгүй тансаг сэтгэгдэл төрүүллээ. Мөн удахгүй зураач С.Заяасайханы "Timeless Dream" (2016) зураг ноолууран шааль дээр хэвлэгдэн гарах юм байна. Тиймээс эдгээр загварууд хүн бүрийн анхаарлыг татаж, энэ Сар шинийн баярын нэг гол ярианы сэдэв болох нь гарцаагүй.
Үндэсний хэв маяг, орчин үе хоёрыг хослуулах боломж
"Мэнд Амгалан" цуглуулга орчин үе, үндэсний хувцас хоёрыг хослуулсан 18 загвартай гарчээ. Сар шинийн баяраар хүн бүхэн өвөг дээдэс, соёл уламжлалдаа хүндэтгэл үзүүлж, гэр бүлээрээ ижил уур амьсгалтай үндэсний хувцсаар гоёхыг хүсдэг шүү дээ. Тэр тусмаа өнөө үед хүмүүс илүү шинэлэг, илүү утга учиртай хувцсаар гангарахыг эрхэмлэдэг болсон. Энэ эрэлт, шаардлагад ГОЁО брэндийн хамт олон капсул цуглуулгаа зориулж, минимал эсгүүртэй өдөр тутмын хувцаснаас эхлээд уламжлалт дээл хүртэл төрөл бүрийн сонголтууд багтаажээ.
Хичээл зүтгэл гаргаагүй атлаа цэмцгэр дүр төрх бүтээдэг орчин үеийн чиг хандлага танд таалагддаг уу? Тэгвэл энэ трендийг та минимал дизайнтай, илүү чимэг сэлтгүй дээл, даашинз, богино хүрмээр илэрхийлж болно. Үндэсний уур амьсгалтай, тэгсэн хэрнээ зөвхөн баяр ёслолоор биш өдөр тутмын амьдралд өмсөж болох ийм загварууд ГОЁО брэнд танилцуулсан нь үнэхээр цаг үеэ мэдэрсэн шийдэл болжээ.
Нано технологиор сайжруулсан ноолуур
"Мэнд амгалан" цуглуулгын нэг чухал онцлог нь ноолууран хувцсанд нано технологи нэвтрүүлсэн шинэчлэл байлаа. Брэндийн хамт олон эрэгтэй, эмэгтэй загварын дээлийг нано технологиор сайжруулсан ноолууран материалаар урлажээ. Тэгэхээр ус, тос болвол амархан цэвэрлэж болох ийм дээлтэй байхад амтат буузаа тайван идэж, ямар нэг зүйл асгарсан ч хөнгөхөн гөвөөд арилгаж болох нь ээ.
Үндсэн элементүүд: Уран зургийг загвартай хослуулсан энгийн эсгүүртэй ноолууран даашинз, хантааз ба хүрэм, нано технологи бүхий дээл, гэр бүлээрээ хосолж болох бүх насны хүмүүст зориулсан сар шинийн загварууд.
Өнгө: Байгалийн органик өнгө ГОЁО брэндийг тодорхойлсоор байна. Энэ удаад хул, хүрэн ягаан, номин ногоон өнгөний хослолууд давамгайлжээ. Мөн зураач С.Заяасайханы бүтээлүүдийн дахин давтагдашгүй зураглал гээд цуглуулгын бүх өнгө Монгол нутгийн үзэмжийг магтан дуулжээ.
Каталогийн гол дүрүүд: ГОЁО брэндийн нүүр царайгаар удаан хугацаанд ажиллаж байгаа топ модель Э.Одгэрэлтэй хамт энэ удаад яруу найрагч Ц.Хулан шинэ цуглуулгын зураг авалтыг чимлээ.
Стилистик аргачлал: Ноолууран даашинзыг торгон хантаазтай хослуулах, уламжлалт дээлийг орчин үеийн шийдэлтэй арьсан бүсээр бүслэх.
Бүтээлч санааны эх үүсвэр: Үндэсний өв соёл, Монгол уран зураг, дээл хувцас, зураач С.Заясайханы бүтээлүүд.