H&M брэнд дизайнер Жамбаттиста Валлитай хамтран кутюр цуглуулга гаргалаа
"Хайрын Төсөл"
H&M брэнд Giambattista Valli загварын ордны дизайнер Жамбаттиста Валлитай хамтран кутюр цуглуулга гаргалаа. Дашрамд дурдахад H&M жил бүр томоохон брэндүүдтэй хамтран онцгой цуглуулга танилцуулдаг уламжлалтай ба өнгөрсөн хугацаанд Isabel Marant, Alexander Wang, Balmain, Moschino брэндүүдтэй хамтарсан билээ. "Хайрын Төсөл" хэмээн нэрлэсэн кутюр цуглуулгад гоёлын даашинз, аксесуар, өндөр өсгийт, лофер загварын гутал, обруч, сорочка, эрэгтэй смокинг хослол зэрэг загварууд багтсан байна.
Жамбаттиста Валлигийн хувьд анх удаа эрэгтэй загвар зохион бүтээсэн ба түүний хэлснээр энэ нь тун сонирхолтой туршлага байжээ. Түүнчлэн тэрээр "Хэн нэгнийг баярлуулах нь намайг аз жаргалтай болгодог учраас энэхүү төслөө ‘Хайрын Төсөл' хэмээн нэрлэлээ. Хамтарсан цуглуулга худалдаанд гарсны дараа дэлхий дахин хэрхэн хүлээж авах бол гэдгийг харахыг тэсэн ядан хүлээн үнэхээр их догдолж байна" хэмээн ярилаа. Харин H&M брэндийн бүтээлч зөвлөх Анн-Софи Йоханссон "Жамбаттиста Валли бол гоо үзэсгэлэн, хээнцэр гоёмсог байдлыг илэрхийлэхдээ гаргууд нэгэн. Бид түүнтэй хамтран ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна. H&M хамтарсан цуглуулга бүрээрээ өөр, өөр зүйлсийг илэрхийлэхийг зорьдог ба энэ удаагийн цуглуулга бидний хувьд анхны кутюр цуглуулга болж байна" хэмээсэн юм.
Мөн загвар өмсөгч Кендалл Женнер, Кьяра Ферраньи, дуучин Росс Линч зэрэг алдартнууд Каннын кино наадмын үеэр зохион байгуулагдсан amfAR буяны арга хэмжээнд оролцохдоо дизайнер Giambattista Valli x H&M цуглуулгын даашинз, хослолоор гоёжээ. "Хайрын Төсөл" цуглуулгын анхны загварууд тавдугаар сарын 25-нд худалдаанд гарах бол арваннэгдүгээр сарын 7-нд бүтэн цуглуулга танилцуулагдах юм. Цуглуулгын загварууд 17-649 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдахаар болжээ.