Хайх

Карантины ачаар бид хувцсыг хүйсээр ялгахаа больсон. Найз залуугийнхаа хувцсыг өмсөцгөөе

Карантины ачаар бид хувцсыг хүйсээр ялгахаа больсон. Найз залуугийнхаа хувцсыг өмсөцгөөе

2021 оны гол тренд - Унисекс

Text: Buro.Mongolia


"Амралтын өдрүүдээр найз залуу бид хоёр бараг л адилхан хувцасладаг. Санамсаргүй л тэгээд таарчхаад байдаг. Амралтын өдрүүдээр бид сул, чөлөөтэй, биед эвтэйхэн хувцас өмсөхийг хүсдэг учраас л ингэдэг байх. Юүдэнтэй цамц, Converse кетийн өдрүүд шүү дээ" хэмээн Vogue сэтгүүлийн редактор Уиллоу Линдли бичжээ. Тэрээр хувцасны шүүгээгээ хэрхэн аль нэг хүйсийн хамааралгүй болгох, хэрхэн найз залуутайгаа хувцаснуудаа солилцон өмсөх талаарх нийтлэлдээ ингэж бичсэн юм.

Энэ үзэгдэл нь ялангуяа карантины үед илүү ажиглагдаж байна. Хөл хорионд орсон үед бидний өдөр тутмын хувцаслалт бэлтгэлийн өмд, пижам зэргээс л бүрдэж, бид олон нийттэй зөвхөн зүүм хурлаар дамжуулан доогуураа өмд өмсөх ч шаардлагагүй байдалтайгаар харьцаж байгаа тул эмэгтэйчүүд болон эрчүүдийн хувцаслалт ижил болсонд гайхах зүйл үгүй биз ээ.

Үүнтэй холбоотойгоор Уиллоугийн онцолсноор, одоо тэрээр найз залуутайгаа дундаа нэг хувцасны шүүгээтэй болсон бөгөөд пандемик дуусахаас наана хэрэг болохгүй өндөр өсгийт, даашинз зэргийг эс тооцвол бусад бүх хувцсаа хоорондоо солилцож өмсөж байгаа гэнэ.

Уиллоу мөн шинэ хувцас авахдаа ч хүртэл найз залуу болон өөрт нь, хэн хэнд нь таарах энгийн цагаан футболка болон бэлтгэлийн өмд авдаг болсон ба дээр дурдсан "амралтын өдрүүдийн төрх"-ийг одоо өдөр тутмын төрх болгон хувиргажээ.

Ер нь л эмэгтэйчүүд өмнө нь эмэгтэй цуглуулгуудаас эрэгтэйлэг эсгүүртэй хувцас авдаг байсан үе аль хэдийнэ дуусаж, одоо шууд л дэлгүүрийн эрэгтэй тасаг руу, эсвэл найз залуу/аав/ахынхаа хувцасны шүүгээ рүү чиглэдэг болсон. Ингээд бодоход энэ дэлхий дээрх хамгийн универсал, шилдэг зүйлс бүгд л хүйсийн тодорхойлолтгүй байдаг. Пүүз, спорт хослол, нэхмэл свитер, ажил хэрэгч хослол гээд л бодоход тийм байгаа биз? Дизайнерууд ч хүртэл эрэгтэй, эмэгтэй загварыг нэгтгэхээр хичээн ажиллаж, уламжлалт бус санаануудыг дэвшүүлэн нийгмийн бий болгосон хязгаарыг үгүй хийсээр л байгаа. Жишээ нь Том Браун эрчүүдэд зориулсан корсет урлаж, Стефано Пилати өсгийтэй ботинк гаргасан гээд олон сонирхолтой зүйлс загварын салбарт тохиож байгаа.

Яг энэ үед л Харри Стайлсийн зөвлөгөөг даган хувцсыг хүйсээр тодорхойлон харахаа болих хэрэгтэй байна. "Эмэгтэйчүүдэд зориулсан тусгай хувцас, эрчүүдэд зориулсан тусгай хувцас байдаг гэдэг итгэл үнэмшлээсээ холдож, ямар нэгэн хязгаар байдаг гэдгийг мартах үед л та жинхэнээсээ туршилт хийхэд бэлэн болж, эрх чөлөөтэй болдог. Орчин үед тэрхүү хязгаарууд үгүй болж байгаад би туйлын баяртай байгаа" хэмээн сувдан эдлэл, даашинз болон гялтганасан хувцас өмсөх дуртай дуучин залуу ярьсан юм. "Би заримдаа дэлгүүрт явж байх үедээ эмэгтэй хувцаснуудыг хараад үнэхээр гайхалтай загварууд байна гэж боддог".

Тэгэхээр одооноос эхлэн хүйсийн тодотголгүй хувцаслаж, найз залуутайгаа хувцсаа солилцон өмсөхийг хүсэж байгаа бол Young Emperors хэмээх хосуудын хөтөлдөг Instagram хуудаснаас санаа аваарай.

 

 

цааш үзэх